”Хас” банкны шинэ байрны нээлтэнд очоод банзанд цохиулан гэмтсэн хэрэг гарчээ
Нийтэлсэн: 2015-06-18 05:57:08
Завхан аймгийн нэгэн өндөр настан өнгөрсөн оны намар Тосонцэнгэл сум дахь “Хас” банкны 40 дүгээр тооцооны төвийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагааны үеэр хүнд бэртжээ. Уг банкнаас лизингийн зээл авсан өндөр настан тооцооны төвийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагааг сонирхож талбайд барьсан асар болон монгол гэрээр орж үзэхээр шийдэж. Гэтэл ердөө эхний асраар орон хүүхдийн гутал үзээд явж байгаад таньдаг хүнтэйгээ таараад зогсож байтал толгой дээр тавын банз унасан гэнэ. Хэсэг зуур ухаан нь балартаж сууж байгаад босоод явах гэтэл толгой эргээд чадсангүй. Энэ үед хүмүүс “яасан хариуцлагагүй юм бэ?, шууд дарга нар дээр нь орж хэл” зүгээр банз зөрүүлээд тавьчихсан байна...” гэж шуугилдаж байжээ. Өвгөн банк руу орж теллер Баярхүү, орлогч Умбаа нарт энэ тухайгаа хэлчихээд такси дуудаад ажил руугаа очоод тэндээсээ түргэн дууджээ. Харин “Хас”-ынхнаас эмчид үзүүл гэж хэлэх ч хүн гарсангүй. Эмч “... ясанд гэмтэлгүй, битүү бэртсэн байна...” гэсэн ч маргааш нь нүд улайгаад булчирхай цочсон байж. Ингээд толгойн томографын зураг авахуулж эмчилгээнд явжээ. Өндөр настан Эрдэнэт хотын Мөнхийн үйлс эмнэлэгт 14 хоног хэвтэж эмчлүүлсэн 560 мянган төгрөгнөөс эхлээд нийтдээ хоёр саыг эмчилгээндээ зарцуулжээ. Эмчлүүлэх үедээ ажлаасаа чөлөө авчээ. Энэ мэтээр зургаан сар гаруй эмчлүүлэн ажил орлогоо алдан хохироод байхад “Хас” банкныхан эмний мөнгө хэмээн 30 мянган төгрөг өгөөд л хаяжээ. Бараг л настай юм бас манай үйлчүүлэгч тул л өглөө шүү ухааны юм ярьжээ. Хүнлэг бус хүйтэн сэтгэл гаргасан хэмээн гомдсон иргэн шүүхэд ханджээ. Хэрэв “Хас” банк олон нийтийг хамарсан үйл ажиллагаагаа зохион явуулахдаа хариуцлагатай хандаж асар майхнаа ном журмаар нь барьсан бол жирийн иргэн эрүүл мэнд санхүүгээрээ хохирохгүй байсан.
NUUTS.mn
