Дутуу талбайтай байр өгсөн “Хурд групп” буруугаа хүлээдэггүй
Нийтэлсэн: 2015-06-18 05:30:26
Сүүлийн үед байрны м2 дутуу тухай маргаан их гарах болсон. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Хурд” компаний барьсан “Нарны хороолол”-ын 5, 6-р байрнаас хэд хэдэн оршин суугч гомдол гаргасан ч гишүүний компани даанч нэг тоогоогүй гэнэ. Иргэн Б.Т нь Баянгол дүүргийн 3-р хороо, Нарны хороолол, 5-р байрны …тоот 105,81 м2 талбай бүхий 3 өрөө сууцыг 190,4 сая, Ж.У 6-р байрны … тоот 56.52 м2 талбай бүхий 2 өрөө сууцыг 101 ,7 сая төгрөөг худалдан авахаар “Хурд” компанитай гэрээ байгуулжээ. Байрандаа орсоны дараа м2-ын дутуугийн тухай мэдээлэл цацагдахад нь тусгай зөвшөөрөл бүхий "Тоонто Гранд" д хандаж худалдан авсан орон сууцнуудын талбайд хэмжилт хийлгэжээ. Гэтэл иргэн Б.Т-ын орон сууцнаас 4.2 м.кв-аар, Ж.У-гийн худалдан авсан байрнаас 1.89 м.кв-аар тус тус дутуу талбайтай болох нь тогтоогджээ. Хохирсон иргэд "Хурд Групп"-д удаа дараа хандаж гэрээний дагуу төлбөрийг нь төлсөн талбайн зөрүүг буцаан олгож хохиролгүй болгохыг шаардсан боловч асуудлыг огт шийдвэрлээгүй гэнэ. Ингээд ШӨХТГ-д хандаж "Хурд групп" нь гэрээнд заасан хэмжээнээсээ дутуу талбайтай орон сууцыг дээрхи иргэдэд худалдаж, хохирол учруулсан болохыг нь тогтоолгожээ. Тус газрын актаар хохирол болон хэмжилт хийлгэхэд гарсан зардлыг иргэдэд нөхөн төлөхийг эрхэм гишүүний компанид даалгасан боловч “нохой хуцсан чинээ” тоосонгүй. Аргаа барсан иргэд шүүхэд хандахаар болж эрх зүйн туслалцаа авахаар ахин төлбөр гаргажээ. Том толгойтой “Хурд”-ныхан манай компани барилгаа баригдаж дууссаны дараа эрх бүхий байгууллагаар хянан шалгуулж улсын комисст хүлээлгэн өгсөн. Талбай хэмжээндээ байгаа. Гомдол гаргасн иргэдийн байр яг хэмжээндээ байгаа. Шинжээч Инженер, геодези зураг зүйн газар нь талбайг дутсан гэж үзсэн, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь веранд биш гэж үзсэн байдаг. Үүнд л маргаан гараад байгаа, нэхэмжлэлийг чинь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ. Харин ч сөрөг нэхэмжлэл гарган байрны төлбөрөө гэрээний хугацаандаа төлөөгүй хэмээн нөгөө иргэдээс баахан мөнгө нэхэн “новширчээ”. Бараг 30 сая төгрөг нэхэж. Гэтэл хоёр иргэн м2-ын дутуу хэмээн 3-8 сая төгрөг л авах гэжээ. Үүнээс нь их мөнгө эргүүлээд нэхвэл нэхэмжлэлээсээ татгалзана хэмээн тооцсон байх. Гэсэн ч м2 дутуу байр өгсөн нь яах аргагүй батлагдсан тул “Хурд групп” нь хохирлыг нөхөн барагдуулахаар болжээ. Ийнхүү “Хурд групп”-ийн “Нарны хорооолол”-ын 2-р ээлжийн захиалга нь ид явагдаж байхад 1-р ээлжийнхэн нь м2-ын хэл ам гаргаад эхэлжээ.
NUUTS.mn
