“Мөрөн” консерсиум-ын “хүргэн” Д.Даваа “ТВ шоп”-оос ариутгагч худалдан авч Биотехнологийн үйлдвэрт нийлүүлж байжээ
Нийтэлсэн: 2015-06-02 03:17:04
ЭМЯ-ны ТНБД Н.Түмэндэбэрэлийн хэргийн нэг сонирхолтой тал нь хамаадан садангаараа бүлэглэн үйлдсэн байдаг. Экс ТНБД болон “Лабтекс” компаний захирал Б.Болор, “Өнөд орших мөрөн” компаний Д.Даваа, ЭМЧ-ны Эм эмнэлгийн хэлтсийн дарга асан Ч.Мөнхдэлгэр, Я.Түвшинтөр, П.Отгонжаргал, Ж.Баяртогтох, Ё.Мөнхтуул нарыг бүлэглэн яамнаас зарласан “Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн”-гийн Биотехнологийн үйлдвэрд судалгааны төв, биотехнологийн үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг сонгон шалгаруулах үед эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхий “Лабтех”, “Өнөд орших Мөрөн” компанийг “Мөрөн концерциум” нэрээр тендерт оролцуулан, тус концерциумыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан “тендерт оролцогч болон түүнийг төлөөлөх этгээдийн эцэг, эх, хадам эцэг, эх, эхнэр, нөхөр, ах, эгч, дүү, хүүхэд биш байх” гэснийг зөрчин гүйцэтгэгчээр шалгаруулсан гэж буруутгасан. Үүнээс болж Биотехнологийн үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж улсад 600.2 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн. “Өнөд орших мөрөн” компаний захирал Д.Даваа нь тухайн үед тендерийн Үнэлгээний хороонд орж ажилласан Я.Түвшинтөрийн хүргэн нь гэнэ. Мөн тэрээр ЭМЧ-ны Эм эмнэлгийн хэлтсийн дарга асан Ч.Мөнхдэлгэрийн хамтран амьдрагчын дүү байжээ. Хүргэнээ тендерт ялуулсан хадам аавыг нь Биотехнологийн үйлдвэрийн удирдлага дуудаж тендерийн Үнэлгээнй хороонд орж ажилла гэжээ. Тухайн үед үйлдвэрийг нь МХЕГ –аас хаачихсан, инженер техникийн алба нь ажилгүй байжээ. Я.Түвшинтөр олон жилийн ажилсан туршлагадаа тулгуурлан өөрийн тасагт нийлүүлэгдэх чанартай тоног төхөөрөмж сонгоход анхаарсан гэнэ. Тэрээр үйлдвэрийн технологчоор 24 жил ажилласан аж. Уг тендерт хүргэнээ орсоныг мэдээгүй байсан тул өөрийн итгэл үнэмшилээр тендерийн 5 багцад саналаа өгчээ. Хүргэнээ орж байгааг мэдсэн ч түүний төлөө саналаа өгөх байсан, хүргэний санал болгосон төхөөрөмж бусад тоног төхөөрөмжөөс илүү үзүүлэлттэй байсан гэж хамгаалжээ. Газрын дарга Ч.Мөнхдэлгэр нь бас л Үнэлгээний хороонд орж ажиллаж. Түүнд эхлээд тендерт ялсан “Өнөд орших Мөрөн” компаний захирал Даваа нь хамтран амьдаргчийнх нь дүү гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэнэ. Ийнхүү хамаатан саданы холбоогоороо том тендер авсан хэмээн яллалагдсан Д.Даваа өөрт нь тулгасан хэргийг хүлээн зөвшөөрчээ. Тендерийн дагуу нийлүүлэх учиртай лабораторын тоног төхөөрөмж нь АНУ-аас ачигдсан боловч тээвэр зуучын алдаанаас болж Тажикстан луу яваад өгчээ. “Ер нь нийт таван багцын тоног төхөөрөмж нийлүүлэх учиртайгаас 3 билүү 4-р багцынх л ирээгүй” хэмээн хүргэн Даваа мэдэн будилж. Харин ямар ямар тоног төхөөрөмж ирсэнийг үйлдвэрийнхэн нүдэнд харагдтал ярьж. Гүйцэтгэгч компани 325.1 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөөгүй, баримт бичиг, үйлдвэрлэгчийн заавар, гэрчилгээгүй, 4-р багцын 25 сая төгрөгийн үнэ бүхий вирусын шинжилгээ хийх зориулалттай, полимеразийн гинжин урвалын багж, 10 саяын үнэтэй уураар ариутгах багаж нийлүүлэгдээгүй байсан гэнэ. Компаний ажилтан Хөлгөн нь Солонгос улсад үйлдвэрлэгдсэн шал цонх угаах зориулалт бүхий уураар ариутгагч авч ирэхэд үйлдвэрийнхэн хүлээж авсангүй. Энэ тухай тэрээр “ Үйлдвэрийнхэн уураар ариутгагч багаж тоног төхөөрөмжөө нэхээд байна гэхэд Д.Даваа захирал нь “би ТВ шоп үзэж байгаад цонх, шал цэвэрлэх зориулалт бүхий уураар цэвэрлэгч 60.0 мянган төгрөгөөр зарж байхаар нь худалдаад аваад ирлээ, уураар цэвэршүүлэгч гэж хэлээд хүлээлгээд өг” гэж хэлсэн гэнэ. Мөн “би Оюунбилэг захиралтай би ярьсан яаман дээр манай талын хүн байгаа, Мөнхдэлгэр гэж хүнтэй ярьсан чи битгий санаа зов” хэмээн тайтгаруулсан гэнэ. Түүнээс гадна Даваагийн хадам аав Я.Түвшинтөр нь Нийгмийн Эрүүл Мэндийн хүрээлэнд ажиллаж байгаад энэ ажлыг санал болгосон, энэ ажилд туслаад явж байгаа аавд мөнгө өгөх хэрэгтэй гэж байсан” гэж мэдүүлжээ. “Түвшинтөр ах над руу утсаар залгаад та нарыг ажилгүй байхад чинь ажил гаргаж өгч байхад хэдэн халтар төгрөгнөөс болоод ганц ажил дуусгаж чадахгүй хэрэлдэж, муудалцаад яах вэ дээ гэж хэлж байсан” гэж Хөлгөн нэмж мэдүүлсэн гэнэ. Хүргэн Д.Даваа нь уг тендерээс нийтдээ 140.0 сая орчим төгрөгийн ашиг олж 60 сая төгрөгийг хамтран ажилласан Хөлгөнд өгөөд үлдсэнээр “Мурана” маркийн машин дулаан зогсоолын хамт худалдан авчээ.
NUUTS.mn