“Харх” клуб Монголын Волейболын холбооноос 19 сая төгрөг нэхэмжилжээ
Нийтэлсэн: 2015-05-26 04:50:57
Манай хамгийн их хэл амтай спортын холбоодыг МҮБХ, МЧБХ тэргүүлдэг бол араас нь МВХ орж магадгүй гэнэ. Энэ холбооны дотоод маргаан зөрчил тогооноосоо халиад гардаг болж. Саяхан “Харх” клуб нь холбоогоо шүүхэд өгч 19 сая гаруй төгрөг нэхэжилжээ. Клуб холбоо хорёбн маргаан 2014 оны 10-р сард Буянт-Ухаа ордонд 2014 оны клубуудын аврага шалгаруулах "Намрын тэргүүн” тэмцээнээс үүдэлтэй гэнэ. Энэ тэмцээнд “Харх” нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн “Хангарьд” спорт клубтэй хамтарч оролцохоор саналаа холбоонд хүргүүлж заавраа авчээ. Уг зааврын дагуу клуб нь тэмцээнд оролцох эрхийн төлбөр 2 сая төгрөгийг төлж санхүүгийн асуудлуудаа бүгдийг цэгцлэн шийдвэрлэж, БНСУ-ын 2 легионер тамирчинг 1 сарын хугацаагаар урьж, цалин хөлс, замын зардал, байр хоолны зардлыг клубын зүгээс гаргасан гэнэ. Гэтэл тэмцээнийг зохион байгуулах хороо тоглолтын системийг ямар ч албан ёсны бичиг баримт үйлдэлгүй, заалны хүрэлцээгүй гэх шалтгаанаар тэмцээний системд амаар өөрчлөлт оруулсан учир “Харх” клуб 2014 оны 10-р сарын 21-ний өдөр гомдол гаргаж албан ёсны зааврын дагуу явуулахыг шаардаж. Холбооноос шаардлагыг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн хариу ирүүлсэнд дахин бичиг хүргүүлжээ. Учир нь МВХ нь тэмцээнд оролцох багийн тоо нэгээр нэмэгдсэн гэх зүйлээр шалтаглан тэмцээний тоглолтын системд хэний ямар шийдвэрээр өөрчлөлт оруулсан нь тодорхойгүй нөхцөлд өөрчлөлт оруулж, уг нөхцлөө бусад баг тамирчид болон клубуудын удирдлагад шууд тулган хүлээлгэж байгаа явдлыг хууль бус гэж үзэж улмаар тэмцээнд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Тус клубыг харяалдаг “Харх клуб ” ТББ-ын тэргүүн Х.Бямбадорж нь Эрдэнэт үйлдвэрээс ажилчдыг нь ажлаас чөлөөлүүлж тэмцээнд оруулахаар авчирсан тул тамирчид цалингүй болох гээд байж. Ингээд нийт 19.3 сая төгрөг нэхсэн агаад үүнд нь тамирчдын хувцасны үнэ, хоолны зардал, буудлын мөнгө, 2 легионер тамирчны онгоцны билетийн үнэ, урамшуулал, тэмцээнд оролцохын тулд багаас урьдчилаад төлсөн эрхийн буюу оролцооны төлбөр 2 сая төгрөг, тээврийн зардлаа багтаасан гэнэ. Холбоо баг нэмэгдүүлж оруулснаас энэ бүх хэрэг үүссэн тул МВХ хохирлыг нөхөн төлөх ёстой гэжээ. Холбооны нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх үүнийг нь мэдээж хүлээн зөвшөөрөөгүй. Бүр 2014 оны эхээр жилийн ажлын төлөвлөгөөг бүх клубд тараасан, клубуудын аварга шалгаруулах “Намрын тэргүүн” тэмцээн жилд 2 удаа явагддаг, 2 удаагийн тэмцээнд үзүүлсэн амжилтын нийлбэрээр тухайн клубт ирэх жил нь явагддаг Азийн клубуудын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх олгодог өндөр ач холбогдолтой хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн гэнэ. Харин 2014 оны тэмцээний хувьд эмэгтэй багийн тоо хангалтгүй байсан тул цуцлаж Удирдах зөвлөлөөс шийдвэрлэсний дагуу баг, клубуудэд 9 дүгээр сарын 17, 25, 30-ны өдрүүдээр тус тус дуусгавар болгон 3 удаа урьдчилсан мэдүүлэг, албан ёсны батламж ирүүлэхийг хүссэн албан тоот, цахим шууданг явуулсан гэж мэдэгджээ. Дээрх хугацаа дуусахад эрэгтэй 6 баг оролцохоор албан болон албан бус хэлбэрээр мэдэгдсэний дагуу 10-р сарын 1-ний өдрөөр огноолон тэмцээний зааврыг боловсруулан хүргүүлж. “Харх” клубээс 9 дүгээр сарын 30-нд утсаар холбогдон Б.Баярмагнай холбооны дансанд тэмцээний эрхийн төлбөрөө шилжүүлснээр оролцохоор болжээ. Багийн тоо тодорхой болсон тул 10-р сарын 2-ны өдөр Буянт-Ухаа спортын ордонтой заал ашиглах түрээсийн гэрээ байгуулсан гэнэ. Гэтэл 10-р сарын 3-ны өдөр ИНЕГ-ын “Буянт-Ухаа” баг тэмцээнд оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэнд Удирдах зөвлөл шуурхай хуралдан 7 дахь баг болгон оролцуулахаар шидйвэрлэжээ. Нэг багийн тоо нэмэгдсэнээр өмнө нь төлөвлөж гэрээ байгуулсан заалны хоног болон тэмцээний системд өөрчлөлт гарах нөхцөл үүсэж. Холбооны хийсэн заалны гэрээ нийт 17 өдөрт багтаан тэмцээн дуусгах төлөвлөгөөтэй байсан. харин нэг баг нэмэгдсэнээр 18 хоног болохоор болжээ. Ингээд хоног сунгавал Буянт-Ухаа спортын зааланд тэмцээнээ дуусгах боломжгүй болох тул тэмцээн эхлэхээс зөвлөгөөн хийгээд 2 тойрог тоглоод нэг, хоёроор гарсан баг нь аваргын төлөө, гурав, дөрвөөр гарсан баг нь хүрэл медалийн төлөө тоглоё гэж тохироод сугалаагаа хийсэн гэнэ. Ц.Бат-Энх нь техникийн зөвлөгөөнд Х.Бямбадорж өөрөө байлцсан, тэгээд ч “Харх” клуб гадны 2 тамирчинтай тул хангалттай дээгүүр тоглоно гэж бодоод үүнд нэг их ач холбогдол өгөөгүй байх гэж мэдэгджээ. Тэмцээн эхлэхэд гаднаас ирсэн 2 тамирчин их сайн ур чадвартай байгаагүй, 1-р тойргийн дүнгийн дараа “Харх” нь хүрэл медалийн төлөө тоглох үзүүлэлттэй байсан, харин 2-р тойрог эхэлсний дараа манайх оролцох боломжгүй боллоо, яагаад заавар өөрчилсөн бэ гэсэн асуудал гаргасан хэмээн холбооны нарийн бичгийн дарга баталжээ. Ийнхүү “Харх” шүүхдэн “... тэмцээний зааварт өөрчлөлт оруулсанаа мэдэгдээгүй, 2 дугаар тойргоос мэдсэн, ...тоглолтын системийг ямар ч албан ёсны бичиг баримт үйлдэлгүй амаар өөрчлөлт оруулсан учир тэмцээнд оролцоход гарсан зардлаа төлүүлнэ ...” гэж нэхэмжилсэн ч заргаа авч ч чадсангүй. Шүүх холбооны зөв гэж үзсэн тул тэмдэгтийн хураамжийн 254 мянган төгрөгөөрөө “шатжээ”. МВХ-г тойрсон маргаан ийнхүү дэгдэж эхэлжээ. Хэл амтай бусад холбоодын нэгэн адил санхүүгийн тайлан тавьдаггүй гэх шүүмжлэл нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхэд хаяглан яригддаг гэнэ.
NUUTS.mn