Нисэхийн 90 жилийн ойд барьсан Сэргээн засах сувилалын “бэлэг” юу вэ ?
Нийтэлсэн: 2015-05-22 04:26:21
Монголд иргэний нисэх үүсэн хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. Энэ “түүхэн ойдоо” салбарынхан янз бүрийн амжилтаар бэлэг барьж байгаа аж. Харин Сэргээн засах сувилал “Жаргалант” нь өвөрмөц бэлэг “бэлджээ”. ТӨХ-ноос дөрвөн тэрбумээр үнэлсэн энэ газар одоо эзэнгүй мэт болжээ. Гурван ч удаа дуулага худалдаанд орсон агаад хувьчлагдах гэж байгаа тул ИНЕГ санхүүг нь танаж. Үүнтэй холбоотойгоор төрийн өмчийг үнэгүйдүүлж байгаа мэдээллийн дагуу гэнэтийн шалгалт хийжээ. Шалгалтаар танагдсан санхүү дээр нь хүртэл сувилалын удирдлага “найрласан” нь тогтоогджээ. “Мөнгө санхүүгийн асуудалд оролцох эрхгүй хүмүүс оролцож хувийн ашиг хонжоо хийж их хэмжээний мөнгө завшсаныг аудитын шалгалт, хамт олны мэдээллээр илчлэгдсэн” гэж шалгалтын тайланд дурджээ. Ингээд сувилалын захирал Г.Батцэцэг, ахлах нягтлан бодогч Б.Базаррагчаа нарт сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авчээ. Ахлах нягтлан бодогчийг ажлаас нь халж. Гэсэн ч тэрээр үндэслэлгүй халсан хэмээн эргэн заргалдаж эхэлжээ. Тэрээр шууд халагдахаар ямар ч зөрчил гаргаагүй агаад “…тус цогцолборын захирал Б.Батцэцэгийн шууд санаатай үйлдлийг хамааруулсан заалтыг барьж намайг ажлаас хууль бусаар халсан” хэмээн гомдол гаргажээ. Харин ИНЕГ нэлээд ноцтой зөрчлийн тухай ярьж байна. Удирдлага санхүүгийн буруугаас өнгөрсөн онд л гэхэд 428 сая төгрөгийн алдагдалтай ажилласан гэнэ. Арга хэмжээ авахуулсан захирал ахлах нягтлан хоёр хөдөлмөрийн гэрээнд заасан өөрт олгогдсон эрх мэдлийг хэтрүүлэн ашигласан, байгууллагын үйл ажиллагаанд саад болсон, хохирол учруулсан, бусад байгууллага хүмүүстэй хамтран хуйвалдааны журмаар байгууллагын өмч хөрөнгийг ашигласан, эсвэл ашиглах боломж олгосон бол гэсэн заалтуудыг зөрчжээ. Ахлах нягтлан бодогч нь 2-р гарын үсэг зурдаг эрх бүхий этгээд боловч, байгууллагын даргын эзгүйд тушаал болон хөдөлмөрийн гэрээгүй 6 хүнд огт ажил хийгээгүй байхад хуурамчаар цалин олгосон гэнэ. Мөн нэр бүхий 5-6 хүнийг авч ажилуулжээ. Захиргаа хүний нөөцийн менежер Г.Гэрэлмаатай хуйвалдан 2 сарын цалинг бүтнээр бодож хий цалин долоон сая гаруй төгрөгийг олгож байгууллагыг хохироосон гэнэ. ИНЕГ-ын төлөөлөгчийн баталснаар Сувилалын цогцолборт үйлчлүүлэгчдээс төлсөн орлогыг касст тушаалгүй хувьдаа завшсан мөнгө 11.5 сая, хүүхдийн хоолны мөнгөөр тооцож, төлбөр авсан зөрүү 6.9 сая, ажил үүргээ гүйцэтгээгүй ажилтанд олгосон цалин 6.1 сая, орон тоогүйгээр олгосон цалин хөлс 3.5 сая зэрэг олон ноцтой зөрчил илэрч. Дээрхи асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хэргийг нь шилжүүлсэн гэнэ. Дээр нь Үндэсний аудитын газраас 2014 онд ирүүлсэн зөвлөмж, дүгнэлтийн дагуу хохиролыг нөхөн төлүүлэх талаар ямар ч арга хэмжээ аваагүй хэмээн экс ахлах нятглан бодогчийг буруутгаж. Өнгөрсөн онд “Жаргалант” сувилалынхан даргаасаа эхлээд үйлчлэгч нь хүртэл бүгдийгээ шагнасан тухайд аудит акт тавьж байсан. Сувилалынхан ажилдаа ямар сэтгэлгүй хандаж байсан нь хамгийн бага үнэтэй угаагч бодис авсанаас харагджээ. Тэр бодисоор нь угаасаар байгаад өндөр үнээр авсан бүх тавилгын өнгө нь алдагдаж. Ийм байдалтайгаар “Жаргалант” сувилал нисэхийн 90 жилийн ойгоо угтаж байгаа гэнэ.
NUUTS.mn