Фейсбуукд зураг оруулаад “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрийг “жадлан эсэргүүцэгч” гэгдэн ажлаасаа халагджээ
Нийтэлсэн: 2015-05-21 05:43:57
Хэнтий аймгийн Засаг дарга нь “Архигүй Хэнтийчүүд”, “Архигүй Өмнөдэлгэрчүүд” хөтөлбөрийг санаачилан хэрэгжүүлж байгаа. Энэ нь шинэ содон ажил биш агаад аймаг бүрт иймэрхүү ажил хөтөлбөр явагддаг. “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрийн нээлт 2013 оны 3-р сарын 7-ны өдөр Өндөрхаан хотод ёслол төгөлдөр болж арга хэмжээнд 60 байгууллага, бүх сумын төлөөлөл нийт 3000-аад иргэд оролцсон тухай Засаг дарга Ж.Оюунбаатар бахархан дурсдаг. Аймгийнхаа Засаг даргын санаачилсан энэ хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурал аога нижигнүүлэн ташиж баталсан гэнэ. Энэ хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагчаар итгэлт хүн нь болох Аймгийн Засаг даргын орлогч П.Баярт-Од нь ажилладаг. Нээлтийн арга хэмжээ аймгийн ЗДТГ-ын өмнөх Чингисийн талбайд болж эндээс иргэд байгууллагууд гүйлт, алхалтаар спорт цогцолборт очиж, хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа тэнд үргэлжилж байжээ. Хөтөлбөрийн үр дүнг энэ онд хагас бүтэн жилээр тооцож танилцуулдаг журамтай. Засаг дарга энэх хөтөлбөрөө гаргах болсон шалтгаанаа Хэнтий аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг байнга өсч, 2012 оны байдлаар согтуугаар үйлдсэн 174 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 10 гаруй хувиар өссөнөөр тайлбарласан гэнэ. Иймд архины хамааралтай иргэдийг эрт илрүүлж, эмчлэх, нийгэмдээ тустай иргэн болж төлөвшихэд нь дэмжих, иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд аж төрөх эрхийг хангах зорилгоор уг хөтөлбөрийг гарган хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарсан юм” гэжээ. Өөрөө архинаас гарах сэдэлтэй, архины хамааралтай иргэдийг энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг ТББ болон эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран сургалт эмчилгээнд гэрээний үндсэн дээр хамруулж, холбогдох зардлыг орон нутгийн төсвөөс хариуцан дэмжлэг үзүүлэхээр хөтөлбөрт тусгасан байна. Аймаг 2013 онд “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд орон нутгийн хөгжлийн сангаас 26,5 сая төгрөг зарцуулсан. Сургалт эмчилгээнд хамрагдан архинаас ангижирсан иргэдээ мэргэжил олгох, мэргэшүүлэх сургалтуудад хамруулан мэргэжилтэй болгож ажилд зуучлах, хөнгөлттэй зээл тусламж, төсөл хөтөлбөрт хамруулахад анхаарах юм байна. Энэ чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, хэвлэл мэдээллийн байгууллагууд тодорхой үүрэг хүлээж хамтран ажиллах хэрэгтэй гэж Засаг дарга үүрэгдсэн. Гэтэл түүний үүргийг биелүүлээгүй “том толгойтой” цэцэрлэгийн эрхлэгч тодорчээ. Бүр хамт олноороо архидаж байгаа зургаа Фейсбуукд зураг оруулсан гэнэ. Үүнийг нь сумын Засаг дарга нь аймгийн Засаг даргын боловсруулсан, өчнөөн хүч хөрөнгө зарж хэрэгжүүлж ядаж байгаа “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрийг жинхэнэ утгаараа жадлан эсэргүүцсэн хэрэг хэмээн жигшин хүлээн авчээ. Болсон явдлыг сөхөхөд Өмнөдэлгэр сумын 14-р цэцэрлэгийн хүүхнүүдийг эрэгтэй ажилчид нь эмэгтэйчүүдийн баяраар баярлуулах гэснээс бүх зүйл эхэлжээ. Баярын урд өдөр бую бямба гаригт Өмнөдэлгэр сумын “Буян-Ундрах Хэнтий” компаний согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй цэнгээний газарт захиалга өгөн байгууллагынхаа нийт эмэгтэй багш, ажилтнуудыг хүлээн авч баярын арга хэмжээ зохион байгуулсан гэж эрхлэгч нь хүлээн зөвшөөрчээ. Тус арга хэмжээнд Улаанбаатар чуулгын дуучин СТА Б.Эрдэнэсаруул ирж дуулаад тайлан тоглолтондоо урьжээ. Урилгын дагуу бүгдээрээ очиж үзэхээр явж. Гэхдээ багш ажилчдаас архи хэтрүүлэн хэрэглэсэн нэг ч хүн байгаагүйн дээр үзэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан янз бүрийн авир үйлдэл агсан согтуу гаргаагүй гэнэ. Гэхдээ хамгийн том алдаа нь нэг нь гэнэдээд хамт олноороо авахуулсан баярын “наастртай” зургаа Фейсбүүкд тавьчихсан гэнэ. Ердөө баярын дараагийн даваа гаригийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурал болоход Засаг дарга нь эрхлэгчийг нэр цохон загнаж танай байгууллагын багш, ажилчид “Архигүй Хэнтийчүүд”, “Архигүй Өмнөдэлгэрчүүд” хөтөлбөрийг дэмжихгүй эсэргүүцэж фейсбүүк хуудсанд баярын арга хэмжээний зураг тавьсан, мөн олон нийтийн газар согтуу байсан байна, иймээс арга хэмжээ авна, чиний ажлыг нь шалгана гэж хатуухан хэлжээ. Тэр дороо л 14-р цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг шалгах удирдамжид чиглэл гарч. 3-р сарын 10-нд сумын Засаг дарга нь дуудаж “ажлаа хүлээлгэж өгөөд багш бол” гэхэд нь эрхлэгч албан тушаалаа өгөхөөс татгалзаж. Хатуухан шалгасан ч ямар нэг зөрчил олдоогүй гэнэ. Байдал эвгүйдэж хайрт эрхлэгчээсээ хагацаж магадгүйг ухаарсан цэцэрлэгийн багш ажилчид даргыгаа авран хамгаалах хөдөлгөөн өрнүүлэн сумын Засаг даргадаа цаашид “Архигүй Хэнтийчүүд”, “Архигүй Өмнөдэлгэрчүүд” хөтөлбөрийг нэгэн зүрх сэтгэлээр дэмжиж ажиллана гэж өргөх бичиг өгсөн ч хожимджээ. Халагдсан эрхлэгч тун ч гомдолтой яваа гэнэ. Эмэгтэйчүүдийн баяраар бүх газар түүний дотор төрийн байгууллага ч гэсэн эмэгтэйчүүдээ баярлуулдаг бичигдээгүй хуультай. Согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй үйлчилгээний газарт амралтын өдөр архи пиво хэрэглэсэн боловч хэтрүүлж уугаагүй гэнэ. Олон нийтийн үзвэрийн газарт дараа нь очиж тоглолт үзэхдээ ямар нэгэн зөрчил гаргаж амгалан тайван байдал алдагдуулаагүй.гэж баталжээ. Харин ч 14-р цэцэрлэг нь сумын Соёлын төвтэй хамтран “Архигүй шинэ жил” нэрийн дор шинэ жилийн баяраа хийсэн, хамт олноороо 2014 онд “Архины эсрэг хамтдаа” гэсэн дэвжээ тэмцээнд 1-р байр эзэлж бүсийн “Дэвжээ” тэмцээнд оролцсон гэнэ. Экс эрхлэгч л гэхэд хувиасаа архинаас татгалзсан хүмүүст зориулсан “Эрүүл идэвхитэй амьдрал” клуб нээгдэхэд мөнгө хандивлаж архины эсрэг сургалт сурталчилгаанд хамт олноо идэвхитэй хамруулж байсан атал “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрийг жадлан эсэргүүцсэн хэмээн ажлаас нь халжээ
NUUTS.mn