“Монголын Нефть, Хийн Үндэсний Ассоциаци”-ийн шинэ хуучин удирдлага зээлнээс болж хагаралджээ
Нийтэлсэн: 2015-05-18 04:50:41
Газрын тос нефтийн салбарынхан 1994 онд “Монголын газрын тосны клуб”ыг үүсгэн байгуулснаар “Монголын Нефть, Хийн Үндэсний Ассоциаци”-ийн эхлэл тавигджээ. Улмаар энэ салбарт газрын тосны бүтээгдэхүүнийг импортлогч, худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, компаниуд олширч өргөжсөнтэй уялдан нефтийн бүтээгдэхүүний импорт, борлуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг “НИК” , “Петровис”, “Алтжин”, “Жамп” зэрэг компаниуд 2001 онд Монголын “Нефть хий” ассоциаци төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж тэргүүнээр Ж.Оюунгэрэл, дэд тэргүүнээр С.Дашдондог нарыг сонгож баталсан байна. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд дээрх хүмүүсээс гадна Г.Алтан, Ш.Батхүү, Б.Ширчин, Ж.Цэвээнжав, Ц.Багмид нар орж байжээ. Өдгөө 20 компанийг эгнээндээ нэгтгэсэн энэ ассоциаци нь Монгол улсын газрын тосны болон байгалийн хийн салбарт хайгуул, олборлолт, үйлдвэрлэл, импорт-худалдаа, эрдэм шинжилгээ, судалгаа, зураг төсөл, барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийг сайн дурын үндсэн дээр гишүүнээр баталгаажуулан нэгтгэсэн, гишүүддээ үйлчилдэг, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой, үйл ажиллагаагаа төрөөс хараат бусаар хамтын удирдлагын зарчмаар явуулдаг, ашгийн төлөө бус төрийн бус байгууллага гэж зорилгоо тодорхойлжээ. Харамсалтай нь энэ ариун зорилгод нь харш явдал олонтоо болдог аж. Тэр нь мэдээж мөнгө төгрөгтэй холбоотой хэрэг юм. “Монголын нефть, хийн үндэсний ассоциаци” ТББ-ыг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Миеэгомбо, иргэн П.А нар нь 2014 оны 3-р сарын 12-ны өдөр 19.5 сая төгрөгийг автомашин худалдан авах зориулалтаар, хүүгүй зээлсэнээр энэ хэрэг эхэлж. Зээлийг 6 сарын 31-ний өдөр төлөхөөр тохиролцжээ. Зээлийн гэрээнд “Зээлдэгч нь гишүүн байгууллагуудын хандив орсон даруйд 2014 оны 6-р сарын 31-ний дотор авсан зээлээ төлөх үүрэгтэй" гэж заасан байж. Гэсэн ч удирдлага солигдсон гэх үндэслэлээр төлсөнгүй өдий хүрчээ. Энэ зуурт “Монголын нефть, хийн үндэсний ассоциаци” ТББ-д төрийн байгууллагад гардаг идсэн уусан гэх хэрэг дэгдсэн гэнэ. Тус ТББ-ын төлөөлөгч ,Ж.Содномдаржаа уг мөнгийг төлөхгүй гээд тухайн үед “Монголын нефть, хийн үндэсний ассоциаци” ТББ-ын гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан Д.Миеэгомбо манай байгууллагын нэрийн өмнөөс энэхүү зээлийн гэрээг байгуулан 19,5 сая төгрөгийг зээлж хувьдаа зарцуулсан болохыг 2014 оны 5 –р сард хийсэн аудитын тайлангаас олж мэдсэн гэжээ. Ассоциацийн дүрмээр жилийн төсвийг Удирдах зөвлөлийн хурлаар батлана, батлагдсан төсвийн хүрээнд гүйцэтгэх захирал дүрэм заасан зорилгоо хэрэгжүүлэхэд зориулсан өдөр тутмын үйл ажиллагаанд зарцуулах, гарын үсэг зурах эрхтэй гэнэ. Мөн зөвхөн гишүүний хураамж, хандиваар санхүүжих ёстой атал хувь хүнээс зээл авсан тул хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэж мэдэгджээ. Гэтэл уг зээлийн төлбөрийн 13 саяыг нь ассоциацийн гишүүдийн хураамжаас аль хэдийн төлчихсөн төдийгүй “Land Criuser 200 VX Diesel Lux” загварын автомашиныг гүйцэтгэх захирал ашиглаж байсан гэнэ. Түүгээр ч барахгүй шинээр элсэхийг хүссэн компаниудаас их хэмжээний хандив төлөхийг шаардсан гэж ассоциоцийн төлөөлөгч мэдэгджээ. Ингээд хуулийн байгууллагад хандсан ч Дүүргийн 1-р прокурорын газар Монголын нефть, хийн үндэсний ассоциаци” ТББ-ын тэргүүн П.Батхишиг, дэд захирал Д.Миеэгомбо нар нь байгууллагын гишүүдээс итгэмжлэн олгогдсон эрхийг ашиглан мөнгө, санхүүг зориулалтын бус зүйлд зарцуулан албан тушаал эрх мэдлээ хэтрүүлж 170,9 сая төгрөгний хохирол учруулсан гэх гомдлыг хянан үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ. Гэсэн ч Д.Миеэгомбо нь ассоциацийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа байгууллагын албан бичиг баримтуудыг устгаж, үрэгдүүлсэн, ассоциацийн хөрөнгө, гишүүдийн хураамжийг хувьдаа зарцуулсан зэрэг ёс зүйгүй, хууль бус үйлдлүүдийг хийсэн гэдэг нь санхүүгийн хяналтаар тогтоогдсон бид одоо хүртэл учирсан хохирлоо барагдуулж чадаагүй байна хэмээн Ж.Содномдаржээ баталж. Ийнхүү “Монголын нефть, хийн үндэсний ассоциаци” ТББ-д мөнгөө хүүгүй зээлүүлсэн иргэн хохирлоо хэнээс барагдуулах нь тодорхойшүй болжээ. Монголд газрын тос нефтийн асуудал улам бүр хурц болж байхад энэ асуудлыг шийвэрлэхэд том үүрэг гүйцэтгэх учиртай ТББ нь ийм л байдалтай байна.
NUUTS.mn