Монголын хилээр гарах эрхээ түдгэлзүүлсэн голланд эр 63 сая төгрөг нэхжээ
Нийтэлсэн: 2015-05-14 07:15:04
Саяхан Монголын хилээр гарах эрхээ түдгэлзүүлсэн хэсэг гадаадын иргэдийн эрхийг сэргээсэн. Ийнхүү нэлээд олон гадныхан “Hotel Mongolia”-гаас мултарч чадсан. Тэдний дунд янз бүрийн хүмүүс байжээ. Хилээр гарах эрхээ янз бүрийн хугацаагаар хасуулсан тэд ихээхэн хохирол хүлээдэг нь үнэн. Тэдний нэг болох Нидерланд улсын иргэн Дики Ди Жонийг нь Монгол улсад 2012 оны 11 дүгээр сард ирээд буцах гэсэн биш хилээр гарах эрхээ хасуулан баларчээ. Тэрээр хагас жил шахуу Монголд байцаагдан шалгагджээ. Монголд хөрөнгө оруулах гэж ирээд хамтрагч болох Канад улсын иргэн Жеймс Муртай түнжин хагарчээ. Болсон явдлыг сөхвөл “Грийнленд Лоункейр” гэдэг компани нь өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар “Грийнленд Энтерпрайзес”-ийг үүсгэн байгуулжээ. Улмаар компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Ч.Эрдэнэцэцэг, Дики Ди Жонг нарт “Грийнленд Лоункейр”-ийн 67 хувийг эзэмшүүлэхээр харилцан тохирсон гэнэ. Гэтэл Ч.Эрдэнэцэцэг, Дики Ди Жонг нар нь хуурамч бичиг баримт үйлдэн компанийн хувьцааг 100 хувь өөрсдийн нэр дээр шилжүүлэн авсан болохыг “Грийнленд Лоункейр” -ийн хувьцаа эзэмшигч бөгөөд захирал Жеймс Мур нь санамсаргүй байдлаар олж мэдээд тэр дороо цагдаад ханджээ. Хуулийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгээд өөрийн эрх хэмжээнийхээ дагуу Нидерланд улсын иргэн Дики Ди Жонг Монгол улсын хилээр гаргахыг түдгэлзүүлж. Хэргийг шалгах явцад Ч.Эрдэнэцэцэг, Дики Ди Жонг нарын хуурамч бичиг баримт үйлдсэн болох нь тогтоогдсон боловч “Грийнленд Энтерпрайзес” нь ердөө нэгхэн сая төгрөгний дүрмийн сантай байгуулагдсан тул хохирлын хэмжээг түүгээр тогтоож. Ингээд бага хохирол учруулсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэнэ. Харин энэ зуурт монгол хүүхэнтэй нийлэн хуурамч бичиг баримт үйлдсэн гэх Дики Ди Жонг “том шатжээ”. Эх орон руугаа буцах 2012 оны 11-р сарын 16-ны өдрийн онгоцны тийзээ хойшлуулсан 531 евро буюу 980.4 мянган төгрөгөөр хохирол нь эхэлж. Хэрэгт холбогдсон тул өмгөөлөгч авч таван саяыг төлж. Эрүүгийн хэргийг шалгах явцад аудитын дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн тул “Од бүртгэл-Аудит”-аар аудит хийлгэн зардал болох дөрвөн сая төгрөгийг гаргаж. Монгол улсаас гарах эрхийг нь түдгэлзүүлснээс болж түрээсийн байранд амьдарж хоол унд гээд бусад холбогдох зардалд 5.5 сая төгрөг зарлагадаж. Дики Ди Жонг нь Нидерланд улсад татварын мэргэшсэн зөвлөгөө өгдөг хуульчаар ажилладаг тул Монголд хашигдсан хугацаанд олох байсан орлого нь 18 мянган евро буюу 44.7 сая төгрөг гэнэ. Ингээд энэ бүх хохирлоо Канад улсын иргэн Жеймс Мураас нэхсэн ч авч чадсангүй нутаг буцжээ.
NUUTS.mn