Экс ТНБД Н.Түмэндэмбэрэл ба ЭМЯ-ны хүүхнүүдийн хэрэг-1
Нийтэлсэн: 2015-05-13 04:54:29
ЭМЯ-ны ТНБД-аар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэлийн хэрэгт найман хүн холбогдсоноос тав нь эмэгтэй байсан. Тэр таваас нь Б.Болор нь “Лабтех” компаний захирал, Ж.Баяртогтох нь“Азийн хөгжлийн банк”-ны эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3 төсөлд эмнэлэгийн төхөөрмжийн худалдан авалт хариуцсан мэргэжилтэн харин П.Отгонжаргал нь ЭМЯ-ны оношлогоо эмчилгээний технологийн мэргэжилтэн, Ч.Мөнхдэлгэр нь ЭМЯ-ны эм эмнэлэгийн хэлтсийн дарга, Ё.Мөнхтуул нь ЭМЯ-ны санхүү хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтнээр ажиллаж байжээ. Н.Түмэндэмбэрэлийг Б.Болор, П.Отгонжаргал, Ж.Баяртогтох, Ё.Мөнхтуул нар нь бүлэглэн ЭМЯ-наас 2009 онд зарласан “Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх” ЭТТ-2009-5 тоот тендерт үнэлгээний хорооны дарга, гишүүнээр орж шалгаруулалтыг явуулахдаа “Лабтех” компанийг тендерийн шаардлага хангаагүй байхад эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглан тус компанийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулж, гэрээ байгуулан, чанаргүй тоног төхөөрөмж нийлүүлсэнээс эмнэлгүүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж улсад 594 сая, мөн Н.Түмэндэмбэрэл, Б.Болор, Д.Даваа, Ч.Мөнхдэлгэр, Я.Түвшинтөр, П.Отгонжаргал, Ж.Баяртогтох, Ё.Мөнхтуул нар бүлэглэн ЭМЯ-наас “Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Биотехнологийн үйлдвэр судалгааны төв, биотехнологийн үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үед эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өнөөх “Лабтех”, “Өнөд орших Мөрөн” компанийг “Мөрөн концерциум” нэрээр тендерт оролцуулан, тус концерциумыг шалгаруулсанаас Биотехнологийн үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж улсад 600.2 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгажээ. Үүн дээр нь ахиад 23.6 саяын хохиролтой нүдний хагалгааны микроскоп нийлүүлэх “Лабтекс”-ийн хэрэг нэмэгдсэн. Экс ТНБД өөрт нь тохсон хэргийг “тодорхой албан тушаалтнууд өөрсдийн бульхайгаа нуухын тулд улстөрийн зорилгоор цаг хожих гэж үүсгэсэн” хэрэг хэмээн няцаасан. Мөрдөн байцаалтын шатанд гэрч нарын өгсөн мэдүүлгийг огт хүлээн зөвшөөрөөгүй. Ялангуяа Дамдиндорж, А нарын мэдүүлгийг эрс үгүйсгэж. “Дамдиндоржийг надтай заргалдаад байсан Хатанбаатар гэдэг хүний хамсаатан” гэсэн бол А-г “олон тендерийг миний хувийн амьдрал руу оруулж ярьдаг, надтай хамт ТНБД-ын сонгон шалгаруулалтанд орж байсан, би ялсаны дараа уулзаад газрын дарга болмоор байна гэж хүсэлт тавихад нь зөвшөөрөөгүй тул надад юм санаж явдаг байх.” гэжээ. Я.А нь Н.Түмэндэмбэрэлийг яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын даргаар томилогдон ирсэн цаг хугацаанаас нь хойш таних болсон гэнэ. Түүнийг “чи их зэвүүн хүүхэн” гэж хэлж байжээ. “Зэвүүнээрээ” дуудуулсан эмэгтэй “зэвүүн” ч мэдүүлэг өгч. Н.Түмэндэмбэрэлийн үйл ажиллагааг хөндлөнгөөс ажиглахад “...булхайтай буруу зүйл хийдэг, хэлтсийн хүүхнүүдтэйгээ дотно холбоо харилцаатай гэж яам дээр яригддаг байсан, тендерийн Үнэлгээний хороо байгуулаад л гарын үсэг зур, шалгарсан компани нь энэ байна гээд зөвлөмж оруулаад ирдэг, орлогчоор нь ажиллаж байсан Отгонбаатар сүүлд нь ажлыг нь авсан, Түмэндэмбэрлийн зааврыг илэрхий биелүүлдэг хүн байсан, Эм эмнэлгийн хэрэгслийн дарга Мөнхдэлгэр гэж эмэгтэйн хувьд яаманд олон жил даргаар ажилласан.Түмэндэмбэрэл даргатай их ойр харилцаатай хүн харагддаг байсан, Ё.Мөнхтуул гэж хүнийг хөндлөнгөөс харахад бас л хэлсэн ярьсанаар нь хийдэг үнэнч цэрэг нь байсан, Отгонжаргалыг бас Түмэндэмбэрэлийн гарын хүн гэж яригддаг байлаа, хэлтсийн хүүхнүүдийнх нь хэрэглээний зардал өндөр гэдэг нь нүдэн дээр илт харагддаг” гэжээ. Ер нь ойр дотны харьцаа, хамаатан садны холбоогоор хийгдсэн бульхай нэлээд байжээ. ЭМЯ-ны эм эмнэлэгийн хэлтсийн дарга асан Мөнхдэлгэр нь ТНБД-ныхаа адил нэр бүхий хүнийг буруутгаж. Түүний мэдүүлснээр “хамтран амьдрагчийг нь “Өнөд орших”-ийн захирал Даваагийн хамаатан гэсэн үндэслэлээр надад эрүүгийн хэрэг үүсгэсэн, гэрч гээд байгаа Уранчимэг намайг буруутгах үүднээс ийм мэдүүлэг өгсөн, тэрээр миний албан тушаалыг авах гэж хоёр жилийн хугацаанд янз бүрийн аргаар намайг буруутгаж яам дээр өөрийн найз нөхөд танилийн хүрээнд гүтгэх ажиллагааг хийж байгаа” гэж мэдүүлжээ. Үүнээс гадна “Лабтек” гэдэг компани нь хэнийх вэ гэдэг нь сонирхол татжээ. Экс ТНБД надтай ямар ч хамааралгүй гэсэн ч үүсгэн байгуулагч Буян гэгч мөрдөн байцаалтын шатанд “ тухайн үед миний нэр дээр уг компанийг үүсгэн байгуулсан, би 90 хувийг нь эзэмшдэг гэх боловч үндсэндээ надад ямар хамааралгүй, би тухайн үед Н.Түмэндэмбэрэл даргын жолоочоор ажиллаж байсан юм” гэж мэдүүлснээр няцаагджээ. Жолооч нь энэ компанийг орос иргэдээс авсан, Мөнхтуул, Түмэндэмбэрэлийн дүү, Болор бид дөрөв хувьцааг нь эзэмшдэг гэжээ. Болор гүйцэтгэх захирал болж Мөнхтуул санхүүгийн үйл ажиллагааг нь хянадаг байж. Тэд нэг удаа “таны нэр зөвхөн цаасан дээр байгаа шүү” гэж гадуурхахаар нь компанийн байранд очихоо больжээ. Ноогдол ашгийн хувь хэмээн гурван өрөө байр өгнө гэснээ ч биелүүлээгүй гэнэ. Ер нь “Лабтех”-аас ноогдол ашиг гэж миний нэрээр зарлага гаргаад “НЭМҮТ”-ийн захирал М.Мөнхбат авдаг байсан юм шиг байсан хэмээн Буян мэдүүлжээ. “Эзний татан авалт” нэрээр 2013 оны 2-р сарын 6-нд 142.2 сая төгрөг гарсан нь надтай огт холбоогүй, тэр үед би Монголд ч байгаагүй гэжээ. /үргэлжлэл бий/
NUUTS.mn