“Шилмэл загвар” vs “Бээст кашмир” буюу сурагчын чанаргүй сүлжмэл майкны эзэн хэн бэ ?
Нийтэлсэн: 2015-05-11 06:52:04
Манай ЕБС-ын сурагчдын дүрэмт хувцас гэж том бизнес байдаг. Зарагдаж эхэлсэн цагаасаа хойш л чанаргүй, муу муухай гэж шүүмжлэгдсэн энэ ажлын эзэн нь огт олдодгүй байсан. Чухам ямар компани чанаргүй дүрэмт хувцас үйлдвэрэснийг хариуцдаг яам ч сүжмэл оёдлын бизне эрхлэгчдийн холбоо нь ч зарладаггүй байсан. “Азаар” манай хоёр том компани түнжин хагарч бид нэг ч гэсэн эзнийг мэддэг болох нь. Монголын хоёр том компани болох “Шилмэл загвар” болон “Бээст кашмир” хоёр сурагчын дүрэмт хувцасны төлбөр тооцооноос болж муудалцжээ. “Бээст кашимер” нь “Сурагчдын дүрэмт хувцас нийлүүлэх хамтын гэрээ”-г “Шилмэл загвар”-тай байгуулж 9003 ширхэг буюу 186.8 сая төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн гэнэ. Үүний үлдэгдэл болох 137.9 саяыг өгөхгүй унжсан тул шүүхд ханджээ. Ажил хийлгэчихээд мөнгийг нь төлдөггүй “Шилмэл загвар”-д хариу хэлэх юм байж. Урт түүх дурдсан тайлбар нь Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэй МОНХ-ны санаачлагаар хэрэгжүүлж буй “Сурагчийн дүрэмт хувцас кластераар үйлдвэрлэх төсөл"-ийн хүрээнд сурагчийн дүрэмт хувцсыг Монгол улсдаа үндэсний үйлвэрлэгчид бид амжилттай чанартай үйлдвэрлэж, ажлын байрыг эрс нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ төсөл нь оёдлын салбарын ирээдүйн хөгжлийн үндэс суурь болж, эх оронч омогшил хөгжөөсөн, монгол хүнийг үнэлэх үнэлэмжийг дээшлүүлсэн маш бүтээн байгуулалтын ажил болсон гэдгээр эхэлжээ. “Шилмэл загвар”-аас гадна "Өүлэн менч", "Бүтээлч үйлс”, “Торгон хийц” зэрэг тэргүүлэх үйлдвэрүүд нэгдэн ЕБС-ийн сурагчдын дүрэмт хувцсыг БШУЯ-наас тогтоосон чанар, техникийн нөхцлийн шаардлагад бүрэн нийцсэн даавуугаар чанартай үйлдвэрлэн улсын нийт сурагчдыг хангахаар 2013-2014 хичээлийн хангалтыг эхлүүлэн 2014-2015 хичээлийн жилд бүх сурагчдыг жигдрүүлэх гэгээн зорилттойгоор ажиллажээ. Хэдийгээр валютын ханшны алдагдалд орсон ч төр засгаас хүлээлгэсэн үүргээ ухамсарлан ажиллаж байгааг нь магтууштай. Төслийн дагуу нэр бүхий дүүрэг, аймгуудад сурагчийн дүрэмт хувцасны нэмэлт иж бүрдэл болох сүлжмэл майк, кардиганыг “Бээст кашимер” нь нийлүүлэх үүрэг хүлээсэн боловч өнгөрсөн хичээлийн жилд манай компанийн борлуулалтын багаар дамжуулан тараалгасан гэж “Шилмэл загвар” мэдэгджээ. Орон нутагт хүргэлтийг 7 удаа ачааны машин 1,2 -1,5 сая төгрөгөөр хөлслөн, 4-6 хүний бүрэлдэхүүнтэй борлуулалтын багийг, суудлын машин,томилолтын зардлын хамт нийт 20.6 сая төгрөг зарцуулж. Ноосон сүлжмэл бүтээгдэхүүн нь ачилтын талбайн 1/3-1/4 зайг хэдийгээр эзлэж хүргэгдэж байсан ч зорилго нэгтэй нэг төслийн баг гэж ойлгон “Бээст кашмир”-аас зардал нэхэлгүй ажиллаж иржээ. Гэтэл тус компаний захирал Батбилэг нь манай борлуулалтын багийн ажилтнуудтай бүтээгдэхүүн бүрээс 250 төгрөг өгч байхаар албан бусаар тохирч тодорхой хэмжээний мөнгө өгч компанийн борлуулалтын ажиллагааг будлиулсан хэмээн “Шилмэл загвар”-ын төлөөлөгч Э.Отгонзул мэдэгджээ. Түүгээр ч барахгүй ханган нийлүүлэлтийн явцад ноосон майк, ялангуяа кардиган нь ноолорч бөмбөлөг үүсгэх, угаалтын дараа уртаашаа хэт сунах, ханцуй нь амархан цоорсон, будаг гарч өнгөө алдаж байна гэх зэргээр гомдол их гарснаас борлуулалт муу хийгдэж аймаг, сумдын сургуулиудад борлуулагдахгүй хадгалагдаж байгаа, буцааж ав гэсэн шаардлага тавьж байгаа гэжээ. Өдгөө “Шилмэл загвар”-д сүлжмэл бэлэн бүтээгдэхүүнээрээ борлогдоогүй байгаа майк 660 ш, кардиган 620ш буюу нийт 26.3 сая төгрөгийн үлдэгдэл байгаа гэнэ. Энэ хэрэгт хариуцсан салбарын яам нь том алдаа гаргадаг гэнэ. 2014 онд л гэхэд төслийг 7-р сарын сүүлээр баталж зээлийг олгосноос үйлдвэрлэлт болон борлуулалт хугацаа алдаж оройтож эхэлжээ. Үүнээс болж борлуулалт, худалдан авалт төлөвлөсөндөө хүрээгүй аж. Аргаа барсан яам нь зээлийн эргэн төлөлтийг сунгаж борлуулалтыг 2 дахь жилдээ үргэлжлүүлэхийг үүрэг болгосон гэнэ. Өдгөө өнгөрсөн оны тооцоог энэ оны 10-р сард багтааж дуусгахаар бүх сургуулиудтай тохиролцсон тул сүлжмэл бүтээгдэхүүний борлуулалтын энэ тооцоог нийлсний дараа “Бээст кашимер”-тэй сүлжмэл бүтээгдэхүүний тооцоог саадгүй хийж дуусгана гэж томорчээ. Мөн “өнгөрсөн оны борлуулалт хүндрэлтэй байсныг төслийн үйлдвэрүүд болон холбогдох байгууллагууд маш сайн мэдэж байгаа бөгөөд ялангуяа захирал Батбилэг нөхцөл байдлыг ойлгож байгаа атлаа асуудал үүсгэж хэн хэндээ ялангуяа зээл төлөх боломжит борлуулалтын алтан үе болох хамгийн чухал үед төвөг учруулж буйд гүнээ харамсаж байна” хэмээн “Шилмэл загвар”-ын төлөөлөгч дипломат маягаар мэдэгджээ. Энэ бүхнээс чанаргүй дурэмт хувцасыг хэн үйлдвэрлэдэгийг уншигч та мэдэж авсан биз.
NUUTS.mn