Л.Болд сайдын үед Төрийн захиргааны удирдлагын газрын даргаа хэрхэн халсан бэ ?
Нийтэлсэн: 2015-04-16 03:54:26
Л.Болд, Л.Пүрэвсүрэн гээд АН-ын сайд нарын үед ГХЯ нь намын дотоод фракциудын албан тушаал булаацалдсан тэмцэлд идэгдэж дуусжээ. Одоогийн сайд нэг өдөр 142 ажилтнаа хоморголон халсанаас яам бараг эзгүйрсэн тухай шуугиан дэгдэж байсан. Үүний шалтгааныг нь АН-н фракц хоорондын зөрчил гэж үзэж байгаагаа халагдсан ажилтнууд нь хэвлэлээр зарласан. Тэгвэл Л.Болд сайдын үед ч иймэрхүү явдал гарч байжээ. Оны дараахан ГХЯ нь хоёр ч Төрийн захиргааны удирдлагын газрын захиралтай байсан агаад ажилтнууд нь аль даргаар бичгээ цохиуулахаа мэдэхээ байж байсан удаатай. Тэр нь тухайн үед дарга байсан Б.Болдбаатар болон шүүхийн шийдвэрээр ажлаа авахаар ирсэн С.Сүхболд нар байсан. Шүүхээр заргалдаад орж ирсэн нь 2013 оны 4-р сард Төрийн захиргааны удирдлагын газрын захирлаар ирээд яамны ТНБД-ын тушаалаар 2014 оны 6-р сарын 27-нд халагдсан. Харин Б.Болдбаатар нь мөн өдөр Төрийн захиргааны, удирдлагын газрын захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогджээ. Яам нь С.Сүхболдыг ажлын байрны тодорхойлолтод дурдсан үүрэгт ажлаа гүйцэтгэхдээ хангалтгүй, алдаа дутагдалтай гүйцэтгэж байсан учир халсан гэж тайлбарлаж. Халагдах гол шалтгааны нэг нь тендер байсан гэнэ. ГХЯ-ны гурван хаалганд суулгах металл илрүүлэх төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах”, “мэдээллийн сүлжээний хяналтын програм хангамж нэвтрүүлэх, албан хэрэг хөтлөлтийн програм хангамж шинэчлэх” тендерийн гүйцэтгэгчийг 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр сонгон шалгаруулсан, тус худалдан авах ажиллагааг зогсоолгүй худалдан авах гэрээ байгуулж хүлээн авсан нь хууль зөрчсөн гэжээ. Мөн Төсвийн ерөнхийлөн захирагчийн багцыг хариуцан ажиллах мэргэжилтний хочр орон тоонд “сонгон шалгаруулалт зарлалгүй төрийн албаны шалгалт өгөөгүй, ашиг сонирхлын зөрчил бүхий иргэд болох Д.Лхагвасүрэн, Д.Уранбилэг нарыг томилон ажиллуулсан нь хууль зөрчсөн ноцтой үйлдэл болсон...” гэжээ. Гэхдээ энэ нь өнгөц шалтгаан бололтой. Цаад учир нь газрын захирал яамны сайдтайгаа зөрчилд орсон бололтой. Энэ нь “Сайдын зөвлөлийн хурлын зөвлөмж, сайдын гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах талаар Төрийн захиргааны удирдлагын газар өөрийн хариуцсан чиг үүргийн дагуу тодорхой ажил, арга хэмжээ зохион байгуулахгүй байгаа нь нотлогдсон”, “Сайдын хууль ёсны эрхийнхээ хүрээнд гаргасан зарим шийдвэрийг эсэргүүцэн, хэрэгжүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн…” ноцтой шалтгаануудыг заажээ. Ингээд халах ажиллагаа явагдаж. Үүний тулд зарим нэг инээдтэй “операци” хүртэл зохион явуулсан гэнэ. ГХ-ны сайд Л.Болдын зөвлөх А.Батпүрэвт С.Сүхболдын хууль зөрчсөн үйл ажиллагааны тухай мэдээлж чиглэл хүссэн өргөдлийг тус яамны Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Мөнхцэцэгээс ирүүлсэн гэжээ. Гэтэл тэр өргөдөл нь гарын үсэггүй агаад хамгийн эмгэнэлтэй нь экс дарга эмэгтэй өөрөө бичээгүй болох нь дараа нь нотлогдож. Гэхдээ л энэ нь тухайн үед ажлаас халагдах нэгэн ноцтой баримт болж байж. С.Сүхболдыг халахад түлхэц болсон явдал нь тендерийн талаар СЯ-наас ирүүлсэн бичиг байсан гэнэ. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг баталжээ. Тендерийн Үнэлгээний хорооны даргын хувьд С.Сүхболд нь нийт таван багц бүхий тендер шалгаруулалтаас татгалзаж тендерийг дахин зарлахаар шийдвэрлэсэн байж. Үүнийг яамны “дээд удирдлага” хууль бус гэж үзсэнээс гадна СЯ төсвийн хөрөнгө оруулалтаас хассанаа бичгээр мэдэгдэж. Хөрөнгө оруулалт хасагдсан тухай бичиг ирсэн өдөр нь Л.Болд сайд нь Төрийн захиргааны удирдлагын газрын захиралдаа хариуцлага тооцох тухай тоотыг ТНБД-даа явуулсанд тэр өдөр нь С.Сүхболдыг ажлаас халах тушаал гаргажээ. Албан бичиг ирсэн өдөрт нь ТНБД тушаал гаргасан тул яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөр ч ороогүй орхигджээ. Тухайн үед АТГ-аас гаргасан шударга байдлын үнэлгээгээр ГХЯ нь маш муу буюу 32.5 хувийн үнэлгээ авсан нь төрийн албанд шуугиан тарьж байсан. Үүний нэг буруутнаар нь С.Сүхболдыг бас тодруулаад авсан гэдэг.
NUUTS.mn