МИАТ-ын Катерингийн үйлчилгээний “бялуун”-д ЗТЯ, ТӨХ, НМХГ хүртэл “хэлээ дүржээ”-1
Нийтэлсэн: 2015-04-13 03:24:19
Төрийн өмчит энэ компаний катерингийн үйлчилгээг “нөхдүүд” салгаж авах гээд байгаа аж. Одоогоор энэ ашиг орлоготой бизнесийг хэн авсан нь бүү мэд. “Уг нь хууль ёсны эзэн нь “Нүхт тур” гэнэ. Түүх дурдвал “эрт урьдын” 2009 оны 5-р сард энэ компаний удирдлага “МИАТ” ТӨХК-ийн Катерингийн төвийн удирдах төвийн үйл ажиллагааг удирдлагын гэрээгээр гүйцэтгэх этгээдийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын зар мэдээ"-г сониноос олж харсанаар энэ түүх эхэлжээ. Үүний дагуу тендерт оролцон шалгарсны үндсэн дээр МИАТ-тай Катерингийн төвийн удирдах үйл ажиллагааг гүйцэтгэх удирдлагын 09/131 тоот гэрээг 2009 оны 7-р дугаар сарын 23-ны түүхэн өдөр байгуулжээ. Гэрээ ёсоор жил бүр гэрээний үүргийн биелэлтийг шалгадаг аудитын дүгнэлтэнд “Нүхт тур”-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлж ирсэн гэж гардаг тул 2 жилийн хугацаатайгаар 2 удаа сунгасаар 2014 жил хүртэл явж. Гэтэл ТӨХ-ийн экс дарга Д.Цогтбаатар нь түр орлон гүйцэтгэгч байхдаа уг гэрээний хугацаа 2014 оны 12-р сарын 31-ний өдөр дуусахыг “ашиглан” шуудхан л "Катеринг төвийн удирдах үйл ажиллагааг гүйцэтгэх удирдлага"-ын багийн олон улсын нээлттэй тендер зарлах тухай шийдвэрийг бараг нэг сарын өмнө гаргаж. Ийм шийдвэр гаргасан атлаа экс дарга яагаад ч юм ахин өөр тоот явуулж “Нүхт тур”-тай байгуулсан гэрээгээ сунга гэсэн шийдвэрийг МИАТ-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайханд өгчээ. Баруун гараараа тендер зарла гэсэн ч зүүн гараараа хуучин компанитай нь гэрээгээ сунга гэжээ. Иймэрхүү будлиан хуйвалдааны шинжтэй шийдвэр катерингийн үйлчилгээг булаацалдсан дайнд тун ч олон байдаг гэнэ. Урьд нь ЗТ-ийн сайд 2012 оны 10-р сард “Нүхт тур”-аас Катерингийн үйлчилгээг булааж авах гэжээ. Тус компанитай байгуулсан гэрээг дүгнэж, цуцлах тухай шийдвэрийг МИАТ-д өгсөнийг нь зад заргалдаж байж ЗТ-ийн сайдын 2012 оны 10-р сарын 10-ны өдрийн 37 дугаар тушаалын 2.2 дахь заалт буюу “Нүхт тур”-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж чаджээ. Гэсэн ч сайдын гар “самарсаар” байсан тул шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлт гаргаж байж аюулт тушаалын хэргийг нэг удаадаа дарж чаджээ. ЗТЯ-наас ямар нэгэн шалтгаангүйгээр дээрх гэрээ цуцлахыг МИАТ-д үүрэг болгож, шахаж шаардаж байгаагийн цаана Катерингийн үйлчилгээг хууль зөрчин байж ямар нэгэн аргаар булаан авах гэсэн ашиг сонирхол байна гэж үзсэн “Нүхт тур” УЕП-д хандан хууль бус энэ үйлдлийг хянаж өгөхийг хүсэж. Уш хүсэлтийн дагуу Улсын ерөнхий прокурорын туслах Ц.Мөнхбат нь 2014 оны 12-р сарын 5-ны өдрийн 6/3493 тоотоор тухайн үед ТӨХ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч байсан Д.Цогтбаатарт "ТӨХ нь шүүхийн шийдвэрийг зөрчиж Нүхт туртай хийсэн гэрээг дүгнээгүй, цаашид гэрээнд зааснаар сунгах эсэх асуудлыг шийдвэрлэлгүй тендер зарлан явуулж, сонгон шалгаруулалт хийх чиглэл өгсөн нь хууль бус байна" гэж бичиг явуулж байжээ. Ингээд нэг талын дайралтыг зогсоотол нөгөө талаас цохилт иржээ. Энэ удаад НМХГ орж ирж. Уг газрын улсын байцаагч О.Алтантуул нь ямар ч бүрэлдэхүүнгүйгээр ганцаараа ирж “Нүхт тур”-д “хууль бус шалгалт” хийсэн төдийгүй НМХГ нь шалгалтын дүнгээ шууд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан гэнэ./үргэлжлэл бий/