Бид эх орондоо “хайргүй” буюу “Хасбанк” татвард төлсөн 532 саяа буцаан нэхсэн нь…
Нийтэлсэн: 2015-04-13 02:21:55
“Хас” банкны гэх Ч.Ганхуяг эх оронч үзлийн тухай их ярьдаг. Тэрээр үндэсний үзэлт залуусын үйлдсан гэх Бурхан Халдуны хэргийг анх задалсан агаад үүнийг үндэсний үзэл гэдэггүй юм хэмээн сургамжилсан. Өдгөө гадныхныг гадуурхах биш харин хариуцсан ажил төрлөө хариуцлагатай хийдэг, улсад татвараа үнэнчээр төлдөг гэх зэрэг чанарыг эх оронч хүнд хамааруулан ярьж байгаа. Эх орондоо хайртайгаа татвараа үнэнчээр төлж батлах нь тун ч зөв шалгуур юм. “Хасбанк”-ны төв байрны дээр “Бид эх орондоо хайртай” гэсэн уриа та биднийг уриалан дуудаж байдаг. Гэтэл энэ банк улсад төлсөн 532 сая төгрөгөө нэхэн Сүхбаатар дүүргийн татварын газрынхны үйлийг үзэж байгаа гэнэ. 2012-1013 онд “Хасбанк” нь өөрийн банкны зорилготой нийцүүлэн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, хуримтлалын ач тусыг олон нийтэд таниулах, хадгаламж эзэмшигчийн тоог өсгөх, хадгаламжийн багцын дүнг нэмэгдүүлэх, банкны харилцагчийг урамшуулах, тогтоон барих, харилцагчийн цахим сувгийн хэрэглээг идэвхжүүлэх зорилгоор “Хуримтлалтай Монголын төлөө Хаслотто урамшуулалт аян”-ыг зарлаж явуулжээ. Уг аяны хүрээнд өөрийн хадгаламж эзэмшигчид болон шинээр хугацаатай хадгаламжийн данс нээлгэсэн, хугацаатай хадгаламжийн данс эзэмшдэг бөгөөд хадгаламжийн дансандаа орлого хийсэн, хугацаагүй хадгаламждаа тогтмол үлдэгдэл байршуулсан, төлбөрийн картыг үр ашигтай ашигласан, “АМАР” интернет банкны үйлчилгээг тогтмол, тодорхой давтамжтайгаар хэрэглэж заншсан харилцагчдыг хамруулах байдлаар урамшуулсан аж. Нийт 388 харилцагчид шалгарч, урамшуулал хүртжээ. 2012 онд 146 иргэн, 2013 онд 242 иргэнд бэлгийн карт, нэг сая төгрөг, сургалтын төлбөр, аялал, Диснейлэндэд аялах эрх, автомашин, орон сууц зэрэг нийт 1,3 тэрбумын төгрөгийн урамшуулал олгож. “Эд мөнгөний хонжворт сугалааны орлого”-д хамаарна гэсний дагуу банк эхлээд “эх оронч” зан гаргаж шалгарсан харилцагчдын орлогоос 40 хувиар тооцож, татварт 532.1 сая төгрөг төлж. Гэсэн ч тун удалгүй “эх оронч” бус царайгаа харуулан татвард төлсөн мөнгөө эргүүлэн нэхэж татварынхантай том зарга үүсгээд байгаа нь одоо болтол сунжирч явна. “Хасбанк”-нь нийт харилцагчдыг хамруулаагүй, тодорхой шаардлага хангасан харилцагчдыг тусгай програмаар шалгаруулж, тохиолдлын журмаар шүүх замаар урамшуулсан л гэнэ, мөн шагналын санг харилцагчийн хадгаламжиндаа хийсэн мөнгөөр бүрдүүлээгүй харин ч банкны үйл ажиллагааны орлогоосоо шагналын санг бүрдүүлсэн л гэнэ. Зорилгын хувьд анхнаасаа ашиг олох бус харин банкны үйл ажиллагааны хадгаламжийн үйлчилгээний борлуулалтыг дэмжих, нэмэгдүүлэх, иргэдийг идэвхжүүлэх зорилготой бөгөөд ашиг олох зорилго байгаагүй учир эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзэх боломжгүй гэж маргажээ. Ингээд бид төлөх учиргүй татвараа төлчихсөн тул нэг бол буцааж өг эсвэл бусад татвараас суутга гэж шаарджээ. Татварынхан “Хасбанк” нь өөрөө ашгийн төлөө байгууллага тул хадгаламж эзэмшигчдийнхээ дунд ашиг олох зорилгоор уг аяныг явуулсан гэсэн байр сууриндаа бат зогсож. Нийт азтанаар тодорсон 388 иргэний орлогоос суутгах татварыг улсад төлчихөөд дараа нь тэрийгээ эргүүлээд төрөөс нэхэж байгаа нь арай дэндүү “эх оронч” бус байна гэж гайхсан гэнэ. Үнэндээ “Хасбанк” нь харилцагч нарт амласаныхаа дагуу урамшууллаа бүтэн олгож татварыг нь өөрөө сайн дураараа төлжээ. Харин тэр төлсөн татвараа хуулийн элдэв заалт дурдаж заргалдаж байгаад төрөөс буцааж авах санаатай байсан гэнэ. Шүүхд банкныхан дандаа ялдаг тул зад заргалдаж байгаад буцаагаад авчихна гэж тооцсон байх. Хэрвээ МАН засаг барьж байсан бол энэ боломж бүр ч их нэмэгдэх байсан биз. Хэрвээ хуулиа барих юм бол “Хансбанк” нь 532 сая төгрөгөө азтан болсон 388 хүнээсээ нэхэх учиртай. Гэтэл тэднээсээ авч чадахгүй байж төрийг дээрэлхэж төлсөн татвараа нэхэн зовоож явна.
NUUTS.mn