Б.Энхтуяа: Жаргалмаа маань эрч хүчтэй, эдгэнэ гэсэн итгэлтэй байгаа
Нийтэлсэн: 2015-04-08 03:16:12
Сэтгүүлч Бадарчийн Жаргалмаагийн эмчилгээнд зориулан хандивын данс нээлээ-
“Бадарчийн Жаргалмаа” ярилцлагын нэвтрүүлгээрээ үдэш бүр үзэгчидтэй мэндчилдэг, Ийгл Ньюс телевизийн сэтгүүлч Б.Жаргалмаа хүнд өвчний улмаас яаралтай мэс засалд орохоор болоод байна. Тэрээр тархины хавдар гэсэн хүнд өвчин туссан бөгөөд хавдар нь хортой, хоргүй болохыг маргааш Тайландын Бумрунград эмнэлэгт хийх шинжилгээгээр эцэслэн тогтоох юм байна. Тэрээр өнөөдөр өглөө Тайландын Бумрунград эмнэлэгийг зорьсон бөгөөд тэнд нарийн төвөгтэй заслыг яаралтай хийлгэх шаардлагатай байгаа юм.
Бадарчийн Жаргалмаа нь 1992 оноос хойш телевизийн салбарт тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд Ийгл Ньюс ТВ-ээс гадна МҮОНТВ, UBS ТВ-д тус тус ажиллаж байсан манай туршлагатай авьяаслаг сэтгүүлчдийн нэг билээ. Ийгл ТВ-ийн мэдээллийн хөтөлбөрийн анхны хөтлөгчдийн нэг бөгөөд 1996 оноос хойш тус телевизийн нүүр царай болж, үзэгч олны хайр талархалыг өдгөө хүртэл хүлээж байгаа юм.
Олны хүч оломгүй далай гэдэг үгийг санаж, ид бүтээж туурвих насандаа хүнд өвчин туссан Ийглийн сэтгүүлч Б.Жаргалмаад сэтгэлийн дэм хайрлахыг нийт үзэгч олондоо уриалж, өнөөдөр Монгол ньюс эдээллийн төвд "Монгол Масс Медиа" ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Амундра, Ийгл телевизийн хөтлөгч Н.Баасандамба, УИХ-ын гишүүн Г.Уянга, МҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа, Монголын телевизүүдийн холбоо, TB-5 телевизийн дэд захирал Э.Дагиймаа, Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхий нарийн бичгийн дарга Х.Батхишиг болон Ийгл телевизэд түүнтэй мөр зэрэгцэн ажилалж байсан сэтгүүлчид оролцон мэдээлэл хийлээ.
Нийт 50 орчим мянган ам.доллар шаардлагатай байгаа
Ийгл ньюс телевизийн хөтлөгч Н.Баасандамба:
-Бид хэдийгээр ажил хэргийн талбар дээр өрсөлдөгчид ч гэлээ амьдралын жаргал зовлон тохиолдоход нэг гэр бүл шиг байна гэж боддог. Б.Жаргалмаа маань өнөөдөр өглөө Тайланд руу нислээ. Маргааш нарийн шинжилгээнд орно. Тэгээд бямба гаригт хагалгаандаа шууд орох хуваарьтай байна. Хоёр гурван ч газар руу тархиных нь нарийн зургийг явуулахад ирсэн хариу болгон нь яаралтай мэс засалд ор гэсэн байсан. Тархины хөндий болон хүзүүг холбож байдаг ясыг хавдар нь ороох маягтай байгаа юм байна. Нэлээд том хавдар болохоор тархиндаа нөлөөлөөд эхэлчихсэн гэсэн. Тэгээд мэс заслын хувьд нарийн төвөгтэй мэс засал учраас яаралтай хагалгаанд орох хэрэгтэй байгаа юм билээ.
Худалдаа хөгжлийн банк нөхцөл байдлыг ойлгоод бидэнд маш богино хугацаанд зээл гаргаж өгсөн. Тус банкны нийт хамт олонд талархал илэрхийлье. Хагалгааг амжилттай болох байх гэж найдаж байгаа. Өчигдрөөс сошиал сувгуудаар манай Б.Жаргалмаад туслах аян бас өрнөөд байсан нь их сайхан санагдсан. Гэхдээ тархины хортой хавдар туссан гэсэн байсан нь худлаа мэдээлэл юм. Одоогоор хортой, хоргүй гэж хэлэхэд эрт байна. Хоёр гурван эмнэлгээс ирсэн хариу хоорондоо зөрөөд байгаа. Зөвхөн мэс заслын зардал нь 29600 америк доллар, мэс заслын дараах тодорхой хугацааны эмчилгээний зардал нь 16000 орчим гэх болох тооцоог бид гаргасан. Урьдчилсан байдлаар 50 орчим мянган доллар хэрэгтэй байгаа. Бид Жагаагаа эрүүл саруул болгоод буцаагаад эфирт нь авчрахад түмэн олны дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгаа юм.
Ирээд Ийгл телевиздээ ажлаа хийнэ ээ гээд инээгээд явлаа
МҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа:
-Б.Жаргалмаа маань анх 1992 онд Үндэсний телевизийн “Харц” нэвтрүүлгээр үзэгчидтэй уулзаж эхэлсэн. Түүнээс хойш хэвлэл мэдээллийн салбарт тасралтгүй ажиллаж байгаа нэр хүндтэй сэтгүүлч байгаа. Өнөөдөр өглөө түүнийг Тайланд руу явахад нь бид очиж уулзсан. Түүний биеийн байдал одоогоор харьцангуй гайгүй, сэтгэл санаа тайван байгаа. Тэрээр би үүнийг ялж гаран ирээд ажлаа хийнэ ээ гээд цоглог инээж байсан. Тэр маш их эрч хүчтэй үүнийг даваад гарна гэсэн эрмэлзэлтэй байгаа. Өнгөрсөн 14 хоногт олон хүн бидэнтэй холбогдон хандив өргөсөн. Бид энэхүү хандивын ажиллагааг нэг удаагийн хэвлэлийн хурал, хандивын тоглолтоор хязгаарлахгүй. Монголын ард түмэн хайртай сэтгүүлчийнхээ төлөө нэгдэж, цаашид улам үргэлжлүүлье гэж бодож байна. Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг. Ажлаа хийж явсан хүн гэнэтийн ийм өвчин туссан гэхэд бид маш их цочирдсон. Монгол Улсын ерөнхийлөгчөөс авахуулаад Жагааг хүндэлдэг, үздэг үзэгчид хүртэл утасдаж, хандивын арга хэмжээнд нэгдэж байгагаагаа хэлсэнд маш их баяртай байгаа
Сэтгүүлч Б.Жаргалмаагийн эмчилгээний зардалд зориулсан хандивын данс нээн ажиллуулж байгаа юм. Хэрэв та эмчилгээний зардалд хандив өргөхийг хүсч байгаа бол Бадарчийн Жаргалмаагийн “Худалдаа хөгжлийн банк”-ны төгрөгийн 473000257, ам.долларын 410046867 тоот дансанд сэтгэлийн хандив өргөх боломжтой.
Мөн энэ сарын 24-ний өдөр Монгол Бөхийн Өргөөнд болох хандивын тоглолтыг үзэж, Бадарчийн Жаргалмаагийн эмчилгээний зардалд хувь нэмрээ оруулахыг тэд уриаллаа.
NUUTS.mn