НӨХГ, Капитал банкны оролцсон хувьчлалаас болж “Дохиолол хамгаалалт” НӨҮГ бүрэн сүйрчээ
Нийтэлсэн: 2015-04-07 03:28:40
Нийслэлийн өмчийн харилцааны газар болон Капитал банк хоёроос болж “Дохиолол хамгаалалт” нийслэлийн өмчит үйлдвэрийн газар бүрэн сүйрч хаалгаа барихад хүрчээ. НӨХГ нь хувьчилсан, Капитал банк нь хувьчилж авсан болж ийнхүү хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан газраар тоглоод хаяжээ. Одоо хувьчилж авсан банк нь буцааж өгөх гээд хувьчилсан газар нь буцааж авахгүй гээд бөөн хэрүүл зарга болж байна. Хэрэг явдлыг сөхөхөд НӨХГ-аас зохион байгуулан “Дохиолол хамгаалалт” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг хувьчилах дуудлага худалдааг явуулжээ. Дуудлага худалдаа явуулахдаа сайхан сурталчилж. Нийт 120 обьектыг гэрээний дагуу хамгаалдаг, сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа нь сайжран өмнө нь хуримтлагдсан өр төлбөрөө бүгдийг нь дарсан, одоо ашигтай ажиллаж байгаа гэх мэтээр дуудлага худалдаанд оролцогчдыг хсан хэмээн “Капитал” банкныхан гомдоллож сууна. Ашигтай газар авах нь гэж үзээд анхны үнэ болох 28 саяыг тэнгэрт тултал өсгөж 101.5 саяд хүргэж бусад өрсөлдөгч нараа илүүрхэн дуудлага худалдаанд ялж автал зад хууртагдсанаа мэдсэн гэнэ. “Дохиолол хамгаалалт” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг шилжүүлэн авахаар очтол үйл ажиллагаагаа нь хэвийн үргэлжүүлэн явуулах ямар ч чадваргүй. бүр шалдаа буусан газар байж таарчээ. Үүний нэг буруутан нь тухайн үед уг газрыг удирдаж байсан Ж.Эрдэнэбадрах гэж банкныхан муугаар дуудаж байна. Тэрээр мөн хувьчилж авахаар дуудлага худалдаанд оролцсон боловч бүхэл бүтэн банктай үнэ хаялцаж чадалгүй ялагдсан гэнэ. Ингээд шаралхсандаа бид нарыг очихоос өмнө хамгаалж байсан бүх байгууллагатай гэрээгээ, цуцлаад бүх ажилчдаа халаад явуулсан байсныг дараа нь мэджээ. Үүнд НӨХГ ч бас буруутай гэнэ. Хувьчилж байгаа газрынхаа эд хөрөнгөд хяналт тавьж шинэ эздэд нь бүрэн бүтэн хүлээлгэн өгөх үүргээ огтхон ч биелүүлээгүй аж. Харин өмчийн харилцааныхан тэр бүхнийг эрс үгүйсгэж. Дуудлага худалдааг 30 хоногийн өмнө зарласан агаад энэ хугацаанд “Капитал” банкныхан худалдан авах гэж байгаа газартайгаа нэг ч удаа очиж үзэж танилцаагүй гэнэ. Тэгсэн мөртлөө анхны зарласан үнийг хий хөөрөгдөж 101.5 саяд хүргэсэн нь цэвэр өөрсдийнх нь буруу байж. Энэ нь үнэ нь тухайн үед “Дохиолол хамгаалалт” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын зах зээлийн үнэлгээтэй уялдахааргүй хиймэл зохиомол байсан болж таарчээ. Тэгээд ч хувьчлагдсан газар бусад байгууллагатай байгуулсан гэрээгээ цуцлах эсэх, ажилчдаа халах эсэх нь бидэнд хамаагүй хэмээн НӨХГ одоо болтол халгаахгүй байгаа аж. “Капитал” банкыг хохироосон “хэргийн эзнээр” тодроод байгаа “Дохиолол хамгаалалт” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дарга асан Ж.Эрдэнэбадрах ч бас л банк өөрсдөө буруутай гэж үздэг гэнэ. Хувьчилж авах гэж байгаа обьектдоо нэг ч удаа очиж байдалтай нь танилцаагүй, үйл ажиллагааг нь судалж шинжилж үзээгүй. Банкныхан дуудлага худалдаа болохоос өмнө нэг ч ажилтантай уулзаж ярилцаагүй гэхээр өөрсдөө хэтэрхий хөнгөн гоомой хандсан нь үнэн болж таарах нь. Бараг л хар таамгаар дуудлага худалдаанд оролцон ялах гээд анхны үнийг зохиомлоор өсгөсөн бололтой. Тэгсэн мөртлөө дараа нь худалдаж авсан байгууллагаа голж элдвээр өөчилж мөнгөө буцааж авна гэж байгаа нь зальхай явдал гэж экс дарга дүгнэжээ. Ажилчдын тухайд “Капитал”банкныхан өөрсдөө хөөсөн гэнэ. Ж.Эрдэнэбадрахыг ажилчдаа дагуулан очиход банкны ажилтан Санчир нь “бидэнтэй хамтран ажиллах хүсэлгүй нь явж болно шүү” гэх мэтээр ихээхэн дээрэнгүй эвгүй харьцсанд ихэнхи ажилчид нь дургүйцэн өөрсдөө сайн дураараа ажлаасаа гарчээ. Түүнээс гадна банкны ажилтан Санчир, Алтансүх нар нь байгууллагын даргын тушаалыг сэм авч явсан хэмээн Ж.Эрдэнэбадрах баталжээ. Хамтран ажилладаг хамгаалдаг байгуулагатай байгуулсан гэрээгээ цуцалсан тухайд харилцагч нар нь өөрсдөө “Капитал” банкыг голсон болж таарчээ. Шинэ эзэд нь өмнө нь хамгаалалтын ажил эрхэлж байсан туршлагагүй, өөрийнх гэх төвлөрсөн хяналтын пультгүй тул биднийг хамгаалж чадахгүй гээд өөрсдөө гэрээгээ цуцалсан гэнэ. Ийнхүү хувьчлал нэрээр хэвийн үйл ажиллагаа явуулж байсан газраар наадаад хаяжээ. Одоо “Дохиолол хамгаалалт” нийслэлийн өмчит үйлдвэрийн газар нь ямар ч харьяалалгүй, НӨХГ хувьчилсан гээд хаясан, “Капитал” банк голоод хүлээж аваагүй тул эзэнгүй мэт байна. Дээрээс нь түрээсийн байрнаасаа хөөгдсөн, ихэнхи ажилчид нь халагдсан, үлдсэн хэд нь хамгаалах обьектьгүй тул бараг ажилгүй өдөр цагийг хий дэмий өнгөрөөж сууна.
NUUTS.mn