2014 оны төрийн албаны хамгийн инээдтэй явдлуудаас…
-485 сая төгрөгийн татварын хэргийг 1.5 саяар “зохицуулсан” байцаагч татварыхныг “онигоонд” оруулсан нь :
Монголд хятад мотоциклийн хамгийн том борлуулагч байсан “Хун Лиан” компаний хэргээс болж татварын байцаагчид ичиж зовон нүүрээ хийх газаргүй болж байжээ. Энэ хэрэгт холбогдсон Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн экс байцаагч Д.Нанжидсүрэн нь урд хөршийн 100 хувийн хөрөнгө оруулалттай энэ компаний татварын зөрчлийн 485 сая төгрөгийн асуудлыг ердөө 1.5 сая төгрөгөөр зохицуулж өгөн татварын байцаагчдын “нэр хүндийг” унагажээ. Дээр нь Монголд нийт 11 мянга гаруй мотоцикль боруулж ирэн борлуулсан гадаадын том компаний улирлын санхүүгийн тайланг ердөө 150-хан мянган төгрөгийн “өчүүхэн” хөлсөөр гаргаж өгдөг байж. Энэ нь татварын байцаагч нарыг онигоонд оруулсан ичгүүртэй явдал болсон гэнэ. Татварын том “бурхи” Ч.Гансүх л гэхэд доод тал нь 250 сая төгрөг нэхдэг байсан.
-МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат Монголын залуусын төлөөлөл гэдгээ баталж чадаагүй :
“Hero entertainment” студийн “Чухал 100 сэдэв” нэвтрүүлгэд орон өөрийгөө сурталчилах гэсэн биш доромжлуулаад гарсан МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат гутаагдсан ажил хэргийн “нэр хүндээ” сэргээж чадсангүй. “Чухал 100 сэдэв”-ийн “Парк” нэвтрүүлэгт оролцсон А.Мөнхбат уг их л цоглог өөдрөг ирсэн гэдэг. Гэсэн ч санасан хэлсэнээ чөлөөтэй илэрхийлж чадалгүй “коммунист үзэл суртал нэвтрүүлэгч, та нар шиг залуучуудаар юугаа хийх вэ, бөгсөө арчаад ч хэрэггүй” хэмээн доромжлуулаад гарсан. Том даргыг зад гутаасан залуу нь хөтлөгч Б.Болдсайхан байсан агаад хэлсэн үг нь цэнхэр дэлгэцээр цацагдсан. Дараа нь тэрээр твиттер хуудсандаа “эхийгаа зараад ч дарга болохоос сийхгүй этгээд” хэмээн бичиж бүр “алаад өгчээ”. А.Мөнхбат нь “Монголын залуучуудыг төлөөлдөг миний ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжиллоо” хэмээн шүүхэд хандсан ч “нэр хүнд нь гутаагдсан эсэх нотлогдохгүй байна” гэсэн шийдьэр гарсан. Хөтлөгч залуу нь нэвтрүүлэг дуусаад микрофоноо хураасны дараа босож явах замдаа МЗХ-ны ерөнхийлөгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаах үг хэлсэн нь эфирийн бичлэгээр батлагдсан тул нэвтүүлгээр доромжлоогүй болсон гэнэ. Бүр бусдад хандаагүй зөвхөн өөрөө өөртөө хэлсэн, хувийн үзэл бодлоо илэрхийлсэн гэснийг нь шүүх үндэслэлтэй гэж хүлээн авчээ. Мөн шүүх А.Мөнхбатыг Монголын бүх залуучуудыг төлөөлдөг гэдгийгээ батлаадах гэхэд эрхэм Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид яаж ч хичээгээд баталж чадаагүй.
- Экс ССАЖЯ-ныхан Пусаны кино наадамыг дэлхийд ¹ 1 гэжээ : Ц.Оюунгэрэлийг сайд байхад ССАЖЯ-наас үндэсний кино урлагаа дэмжих “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөр боловсруулан ажлын хэсэг байгуулахаар болж. Ажлын хэсэгтээ мэргэжлийн уран бүтээлчдийг өргөнөөр оролцуулна хэмээн зар тарааж урилга явуулсанд залуу найруулагчид баярлан гүйж очоод татаж унах шахаад гарч ирж байсан. ССАЖЯ-ны түшмэд “Монгол уран бүтээл” хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн киногоороо дэлхийн кино наадамд өрсөлдөнө, дэлхийн хамгийн алдартай кино наадам бол Пусаных юм байна” гэх зэргээр ам хадууран бурж уран бүтээлчдийг инээд гайхал хоёрыг зэрэг төрүүлжээ. Хэрвээ тэрхүү түшмэд интернэтэд ороод гүүглээр хайсан бол Бусаны кино наадам нь “Б” зэрэглэлийн кино наадамын 6-д бичигдэдгийг олоод харчих байсан гэнэ.
- М.Зоригт гишүүн нэр шог байна гээд уулзалтаа цуцалж байсан нь : Сүхбаатар аймгийн уран эсэргүүцэгч “Бодь” цамхагт М.Зоригт гишүүнтэйгээ уулзахаар товлож. Гэтэл товлосон цагтаа гишүүн ирсэнгүй. Утсаа авахгүй байсан тул туслахаас нь тодруултал М.Зоригт гишүүн уулзалтанд оролцохоор ирж явахдаа оролцох хүмүүс, байгууллагийн нэрстэй танилцжээ. Тэдний дунд “Жанжны нутгаа ураны аюулаас аварья” гэсэн нэртэй ТББ байсан нь гишүүний эгдүүг хүргэн “ямар сүртэй нэртэй юм бэ, ерөөсөө би энэ уулзалтанд чинь очихоо болилоо” хэмээн Богдын хатан шиг аашилсан гэдэг.
- Д.Энх-Амгалан гишүүний “мэдээлэгч” гэгдэн ажлаасаа халагдсан нь : 2014 онд Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар нь хурлын ажлын албанаасаа УИХ-ын гишүүн Д.Энх-Амгалангийн “мэдээлэгч”-ийг олж илрүүлэн хөөж туусан хэрэг гарсан. Хурлын ажлын албаны ажилтан Бэхбат дотоод ажлын тухай мэдээллийг гадагшаа задруулж байсан хэрэгт буруутган ажлын байрны дарамтанд өртжээ. Түүнийг мессэнжэрээр “Энх-Амгалан” гэдэг хүнтэй харилцаж байхыг нь нэгэн сонор сэрэмжтэй нөхөр хараад дарга нартаа мэдэгдэж. Тэр “Энх-Амгалан” нь УИХ-ын гишүүн Д.Энх-Амгалан мөн гэсэн оношийг хурлын дарга Т.Болдбаатар шууд тавиад мэдээлэгчийг цээрлүүлэх тушаал буулгасан гэнэ. Хэлмэгдсэн ажилтан нь мессэнжэрээр харилцсан “Энх-Амгалан” нь гишүүн Д. Энх-Амгалан биш харин аймгийн аудитын газрын “Энх-Амгалан эгч” байгаа юм хэмээн мянгантаа тайлбарласан ч тоож сонсох хүн гараагүй гэдэг.
NUUTS.mn