“Миний охин 5 сартай, буянтай сайн хүн аваад хүн болгоорой” гэсэн бичиг хийгээд хүүхдээ орхижээ
Нийтэлсэн: 2015-03-27 03:07:58
Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 24 настай Г.А гэдэг эмэгтэй таван сартай охиноо Баянзүрх дүүргийн 16-р хороо, “Саруул тэнгэр-1” хотхоны гадаа тоглоомын талбайд тоглож байсан 11 настай хүүхдэд орхиод явсан гэмт хэрэг үйлджээ. Тэрээр охиноо үлдээхдээ “миний охин таван сартай, буянтай сайн хүн аваад хүн болгоорой, өвчин байхгүй, 2014 оны 2-р сарын …-нд төрсөн” гэсэн бичиг өлгийд нь хийгээд үлдээсэн байжээ. Тэрээр хэргээ хүлээсэн агаад хүүхдээ өөрт нь буцаан өгөхийг гуйсан гэнэ. “Нөхөртөйгээ хамт хадмынхаа хашаанд гэр барьж амьдардаг, нөхөр нь маань сүүлийн үед ажил хийхгүй архи уугаад намайг дарамтлаад зовоогоод байхаар нь хүүхдээ аваад гэртээ очсон гэтэл ээж маань бас загнаад нөхрийг арчаагүй гэсэн, би тэгээд найз Заяагийндаа очихоор Шар хад руу явахаар шийдээд ярьтал хөдөө байна гэсэн, тэгээд автобуснаас буугаад Саруул тэнгэр хотхны гадаа уйлж сууж байгаад ийм шийдвэр гаргасан, дэлгүүрээс ирсэн хүүхдэд миний охиныг барьж бай, би живх аваад ирье гээд худал хэлээд ориход явсан, гэхдээ жаахан явж байгаад ер нь буруу хэрэг хийж байна гээд буцаад ирэхэд нөгөө хүүхэд байгаагүй, тэр хавиар хайгаад хүмүүсээс асуугаад олоогүй, маргааш нь ирээд ойролцоох цагдаагийн хэсэгт ирж байцаагчтай уулзсан, нөхөр надаас уучлал гуйгаад бид хамт байгаа, хүүхдийг маань бидэнд өгнө үү” гэж гуйсан гэнэ. Гэхдээ охиноо хаясан эмэгтэйн эгч нь урьд нь ийм явдал гаргаж байсныг нь мэдүүлж. Нөхөр ань рхи дарс уудаг, дүү маань ч нэг удаа хүүхдээ хаяж явахад охиных нь бие өвдөөд эмнэлэгт хэвтэж байсан гэнэ. Ер нь эцэг эхийн хариуцлагаа ухамсарладаггүй хэнэггүй залуус гэж дүү хүргэн хоёроо шүүмжилж. Энэ мэт шалтгаанаар шүүх охиныг нь эцэг эхэд нь буцаан өгөхөөс татгалзаж Хүүхдийн төв сувилалд шилжүүлжээ. Харин охиноо хаясан Г.А-г 260 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсэн гэнэ.