Шинэчлэлийн Засгийн газрын бүтцэнд 463 “орлон гүйцэтгэгч” дарга ажиллаж байжээ
Монголын олон Засгийн газар дундаас “Шинэчлэлийн” хэмээх Н.Алтанхуягийн үед төрийн албанд хамгийн олон “орлон гүйцэтгэгч “ажиллаж байсан гэсэн тооцоог Төрийн албаны зөвлөл гаргажээ. 2012 оны дүнгээр төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаал үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 463 хүн ажиллаж байсан гэнэ. Тэгвэл 2013 онд 121 болж буурсан ч яваандаа эргээд өсжээ. Төрийн яам агентлагд 46 орлон гүйцэтгэгч засаг огцрох хүртэл ажилласаар байж . Аймгуудын түвшинд нийт 76 “орлон гүйцэтгэгч “ажиллаж байсаны ихэнхи нь Шинэчлэлийн Засгийн газар татан буугдах хүртэл тэр хэвээрээ явжээ. Дээд түвшинд Хөдөлмөрийн яамны ТНБД-ын орлон гүйцэтгэгч нь жинхэлж чадахгүй байсаар Засгийн газар нь тарсан гэнэ. Уг нь Шинэчлэлийн Засгийн газрын ТНБД нарыг сонгон шалгаруулах ажил хэл ам багатай болсон гэдэг. Учир нь өрсөлдөгч нэр дэвшигчид харьцангуй цөөн байсан аж. Нийтдээ 21 хүн ТНБД-ын албан тушаал хашихаар нэр дэвшиж бүртгүүлсэн гэнэ. БОНХЯ, БШУЯ, ХЯ, ХАХНХЯ, ҮХААЯ-ны ТНБД-ын ажлын байранд хоёр, бусдад нь нэг нэг хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн байж. Ингээд сонгон шалгаруулалтанд тэнцсэн 20 хүнээс дөрвийг нь нөөцөнд үлдээгээд бусад нь бүгд хүссэн албан тушаалаа авч чадсан. Харин агентлагийн дарга нарын суудалд нэлээд өрсөлдөөн болжээ. Шинэчлэлийн Засгийн газар 14 агентлагтай байснаас засаг байгуулагдаад бараг хагас жил өнгөрч байж л арай гэж дарга нар нь томилогдож дуусаж байсан. 14 агентлагийн даргын суудалд 23 хүн бүртгүүлсэнээс 18 нь тэнцэж харин тэдний 13 нь даргын суудлаа авчээ. Гэхдээ зарим нэг агентлагийн даргын ажлын байрны тодорхойлтод дурдсан албан тушаалд тавигдах ерөнхий шаардлагыг зориуд “сулруулсан “ тохиолдол хэдэндээ гарчээ. БХБЯ-ны хэрэгжүүлэгч агентлаг ГХГЗЗГ-ын дарга, МХШҮХ-ийн даргын ажлын байрны тодорхойлолтонд төрийн албанд 8 жил, мэргэжлээрээ 5 жил ажилласан, докторын цолтой хүн байна гэж заасан байсныг дараа нь сэм өөрчилж ажилласан жил, мэргэжлээрээ ажилласан болон цол зэргийг нь хасаад бараг л их сургууль төгссөн хүн орж болохоор болгон “зөөлрүүлсэн” байжээ. БОНХЯ-нд ч мөн иймэрхүү завхрал гарч. Тус яамны Төрийн захиргаа удирдлагын, Бодлогийн хэрэгжилтийг зохицуулах газрын, Ногоон хөгжил бодлого төлөвлөлтийн газрын даргын мөн Тусгай хамгаалалттай газрын даргын ажлын байрны тодорхойлолтын албан тушаалын шаардлага нь нэлээд өндөр бас хатуу байж. Төрийн удирдлагын буюу байгаль хамгааллын мэргэжилтэй, төрийн албанд гурваас доошгүй ажил ажилласнаас удирдах албан тушаалд нэгээс доошгүй ажилласан гэсэн шалгууртай байсан. Гэтэл С.Оюун сайдын “санаачилгаар” яамны Төрийн албаны салбар зөвлөл нь уг шаардлагад нэгхэн хоногийн дотор өөрчлөлт оруулж байсан гэнэ. Шинэчилсэн өөрчлөлтөөр хувийн болон ТББ-д удирдах алба хашсан, тухайн салбартаа гурваас доошгүй ажил ажилласан хүн шууд дарга болж болохоор болсон аж. ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогийн хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалын шаардлагыг нэр бүхий мэргэжлийн бус хүнд зориулан зориуд өөрчилсөн явдал гарчээ. Яамд дундаас ялангуяа БОНХЯ-ны төрийн албаны салбар зөвлөл нэлээд дураараа аашилдаг байжээ. ТАЗ-ийн нэр дэвшүүлсэн иргэдийг томилдоггүй, эхний байрт орсон хүнийг нөөцөд бүртгээд харин шалгалтанд тэнцээгүй хүнийг газрын даргаар томилох зэргээр сайд хатагтай асан дур мэдэн олон “сонирхолтой” шийдвэр гаргуулж байсан гэнэ. Аймаг орон нутагт ч иймэрхүү зөрчил улам бүр хавтгайрсан байжээ. ТАЗ-ийн судалгаагаар сонгон шалгаруулалтанд ороогүй 68 хүн удирдах албан тушаал эрхэлж байснаас Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Дорноговь зэрэг зургаан аймагт л гэхэд мэргэжлийн шалгалт өгөөгүй 129, шалгалтанд унасан 65 хүнийг төрийн албаны гүйцэтгэх албан тушаалд томилон ажиллуулж байсан нь илэрчээ. Булган, Дорноговь аймгийн зарим сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга, агентлаг, төсвийн байгууллагын дарга нарыг сонгон шалгаруулалтгүй шууд томилж байсан бол арваад аймагт 76 хүн орлон гүйцэтгэгчээр ажилладаг нь тогтоогдож. Хамгийн олон орлон гүйцэтгэгчтэй нь Говь-Алтай агаад тэнд 54 түр орлон гүйцэтгэгч нар Шинэчлэлийн Засгийн газрыг огцрох хүртэл хэвээрээ ажиллаж байсан гэнэ.
NUUTS.mn
