“Гацуурт”-ын Н.Чинбатын “Хандгайт уул” компанийхан нутгийн иргэний хурдан удмын адууг хот руу ачуулаад “гулгуулжээ”
Нийтэлсэн: 2015-03-25 04:42:01
Монголдоо алдартай энэ компаний ажилтнууд нь малын хулгайч нартай сүлбэлдсэн үү гэж хардмаар хэрэг гарчээ. “Гацуурт”-ын салбар болох “Хандгайт уул” компанийхан 2014 оны 10-р сарын 8-ны өдөр тарианд орсон нэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1-р багийн иргэн Т.Мөнхбатын дөрвөн тооны адууг хашаад маргааш орой нь хот руу ачуулаад “алга болгожээ. Харин хохирогч энэ хэргийг хулгай гэж үзээд шүүхэд хандаж хохирлоо найман сая төгрөгөөр тооцон нэхэмжилжээ. “Гацуурт” компани нь 2004 оноос Ерөө сумын газар тарилангийн хэд хэдэн компанийг худалдан авч тариа тарих болсон ч “хойноос ирээд хот минийх, хотонд ороод хуц минийх” гэгчээр дураараа авирлан нутгийн иргэдийг хавчиж дарамталдаг болсон гэж хохирогч өгүүлжээ. Журам ёсоор тариалагч компани нь 500 га тутамд нэг сахиул гаргаж тариагаа хамгаалах учиртай ч “Гацуурт” компани энэ үүргээ хэрэгжүүлээгүй, малчидтай тариа хамгаалах гэрээ байгуулаагүй байсан гэнэ. Тийн атлаа адуу тарианд орсоныг батлах ямар ч баримтгүйгээр, сумын ургацын комиссд мэдэгдэлгүйгээр хашиж хоноод маргааш орой нь хот руу ачуулжээ. Ерөө сумын малчид нь тариланчидтайгаа зохицон амьдарч ирсэн улс гэнэ. Харин энэ компанийг ирсэнээс хойш байнга хэл ам хэрүүл маргаан гарах болжээ. “Хандгайт уул” компанийхны хот руу “ачуулаад “алга болсон гэх дөрвөн тооны адууны хоёёр нь хурдан удмынх агаад малчин Мөнхбатын үнэтэй өмч нь байж. Сумын наадамд хоёр удаа айрагдсан жижиг сартай хул мориноос гадна бор морь нь даагандаа бас л сумын наадамын айргийн тавд хурдалж байжээ. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын баталсан хурдан морины эрсдэлийн үнэлгээгээр 3.5-4.5 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдан буян гэнэ. Нөгөө хоёр морио тус бүрийг 1.5 сая төгрөгөөр үнэлэн нийтдээ найман сая төгрөгийг “Хандгайт уул” компаниас нэхжээ. Бусдын адууг хашсан хүмүүс нь “Гацуурт” компаний Ерөө салбарын Аж ахуйн дарга Р.Сүглэгмээ, компаний дотоод хяналтын ажилтан Хайраль, нягтлан бодогч Дархан нар байжээ. Дарга Р,Сүглэгмаа нь Ерөө салбар дээр ажиллах болсоноос хойш адуу мал тариа руу ороод их зовоосон гэнэ. Тариагаа адуудн идүүлэхээс хамгаалах гэж ажилчдын хамт өглөө оройдоо эргүүл хийдэг, тарианд орсон малыг заримдаа хашихаас өөр аргагүй болдог гэж учирлажээ. Малчин Мөнхбатын адуу орсон байсныг туслах малчинд нь хэлж байж моотоциклоор тууж гаргуулан адуу хашдаг хашаандаа оруулж. Аудууны эзэнд ирж уулзахыг хэдэнтээ хэлүүлсэн ч ирээгүй тул компаний малыг ачдаг машинд ачаад явуулжээ. Тухайн үед малын хашаанд 59 адуу байснаас зөвхөн малчин Мөнхбатын дөрөв л “сонгогдоод” хот руу ачигдсан гайхалтай. Дарга эмэгтэй салбарын дарга Мөрөнгийн өгсөн үүргийн дагуу адууг ачуулсан, ачуулах үед Сайхантолгойн салбарын мал зүйч нь туслахынхаа хамт байсан гэж баталж. Үүний дараа энэ тухайгаа малчин Мөнхбатад утсаар хэлээд дараа нь Ерөө сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ургацын комиссыг ирэхэд адуудн идэгдсэн тариан талбайгаа үзүүлсэн гэнэ. Харин ачигдсан адуу тэгээд алга болжээ. Хашсанаас хойш адуу алга болсон бөгөөд хот руу ачигдсан хэмээн хохирогч баталдаг. Дотоод хяналтын Хайраль нь “танай адууг тэжээгээд сайн арчилж байгаа” гэх мэтээр хуурах гэж оролдож. Өдгөө тэрхүү адуу хаана байгааг “Гацуурт” компанийхан хэлж чадахгүй байгаа тул шүүх үүнийг нь бусдын хөрөнгөнд халдаж дураараа авирласан хэрэг гэж үзжээ. Алдагдсан дөрвөн морины хоёр нь хурдан удмынх тул зарагдсан ч байх магадлалтай гэнэ. Ийнхүү “Гацуурт” компани хөдөө нутагт дураараа авирлаж тарианд орсон нэрээр нутгийн иргэдийн адуу малыг сорчилон хураан авч хот руу ачуулан гувчуулдаг болжээ.
NUUTS.mn