20 сая төгрөгийн хахууль авсан Д.Тогооням нь ОБЕГ-ын дарга асан Т.Дуламдоржийн авга эгч байжээ-1
Нийтэлсэн: 2015-03-24 02:37:05
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Хяналтын хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Тогоонямыг 2013 оны 9-р сард АТГ барьсан. Түүнийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Хяналтын хэлтсийн барилгын зураг төсөл, техникийн гүйцэтгэлийн хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн бөгөөд тасгийн даргаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн ОБХ-ийн галын депогийн барилга барьсан “Говь гурван сайхан” компаний захирал Б.Цэдэнсамбаас 2011 онд Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах гал унтраах 65 дугаар ангийн барилгын гүйцэтгэгчээр “Говь гурван сайхан”-ийг шалгаруулахаар урьдчилан амлаж 20 сая төгрөгийн их хэмжээний хахууль авсан хэрэгт ялласан. Д.Тогооням нь хахуулын мөнгөө 2010 оны 12-р сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Өгөөж” компаний автомашины зогсоол дээр авсан байжээ. Түүнд хахууль өгсөн “Говь гурван сайхан”-ний захирал Б.Цэдэнсамба нь Алтангадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Чингис хаан одон, Засгийн газрын хүндэт өргөмжлөл зэргээр тус тус шагнагдсан ч хажуугаар нь 1, 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан ялтай байжээ. Өөрөөр хэлбэл тэнсэн харгалзсан үедээ их хэмжээний хээл хахууль өгсөн хэрэгт холбогдож. Энэ хэрэгт ОБЕГ-ын олон ажилтан гэрчээр байцаагдаж мэдүүлэг өгч. Тэднээс хамгийн ноцтой зүйл ярьсан нь өмнө нь ОБЕГ-ын Хүний нөөц, захиргааны хэлтэсд ажиллаж байгаад халагдсан С.Цэндбаатар байсан гэнэ. Түүнийг ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж “хорхойтой араандаа” зууж ажилд нь эргүүлэн тогтоох шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй тас эсэргүүцэж байжээ. Учир нь Д.Тогооням нь ОБЕГ-ын дарга асангийн аавын төрсөн дүү буюу Т.Дуламдоржийн авга эгч байсан юм. С.Цэндбаатар нь мэдүүлэхдээ “…Өмнөговь аймгийн ОБХ-ийн ажлын барилга 2009 оны 7-р сард ашиглалтанд орсон бөгөөд сантехникийн системд нь гэмтэл гарсан учраас сүүлийн 3 жил халаалтгүй өвөлжсөн байсан. Барилгыг барьсан компаниар засуулъя гэхээр тухайн барилгын баталгаажилтын мөнгө болох 30 орчим сая төгрөгийг ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржийн эцэг Тогоочийн төрсөн дүү Тогооням гэх эмэгтэй уг барилгыг барьсан компаниас бэлнээр нь аваад явсан байдаг. Ингэхдээ уг компаний захиралд “Бид барилгын талаар ямар нэг хэл үг гаргахгүй, та зүгээр л баталгаажилтын мөнгөө өгчих, танай компанийг дараа дараагийн барилга барих тендерт хамгийн түрүүнд харж үзэх болно” гээд аваад явсан байсан. Тухайн үед мөнгөө өгсөн компанийн захирал нь мөнгийг аваад явсан Тогоонямын зургийг авч бичлэг хийгээд үлдсэн байдаг. Энэ талаар Өмнөговь аймгийн ОБХ-ийн даргаар 3 жил ажилласан, одоо НОБГ-хэлтсийн даргаар ажиллаж байгаа Буянтогтох тодорхой баримттай зүйлүүдийг ярьдаг. Сүүлийн 3 жил халаалтгүй өвөлжсөн аймгийн ОБХ-ийн бүх албан хаагч хэт даарснаас үүссэн өвчлөлттэй болсон. Тогооням нь барилгын баталгаажилтын мөнгийг авахдаа арилжааны банкаар хуурамч материал бүрдүүлдэг. Энэхүү баталгаажилтын мөнгийг хувьдаа авсныг нотлох баримтууд нь Буянтогтоход байгаа гэж ярьж байсан. Ганц энэ барилгаар зогсохгүй бусад газарт сүүлийн жилүүдэд баригдсан олон барилга байгууламжийн баталгаажилтын мөнгө энэ маягаар албан тушаалтнуудын хөлжих хэрэгсэл болсон байж болзошгүй байна. Өнөө жил гэхэд л Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 8 ширхэг барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барихаар болсон бөгөөд эдгээр барилгын сонгон шалгаруулалтыг мөн л нөгөө Т.Дуламдоржийн эцэг Тогоочийн төрсөн дүү Тогооням хариуцаж байна. Энэ хэрэгтэй холбогдуулан ОБЕГ-ын Санхүү ар талын газрын даргаар ажиллаж байсан Ганбаатар, Санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа Эрдэнэцэцэг барилгын баталгаажилтын мөнгө авахад туслаж хуурамч материал бүрдүүлдэг банкны ажилтнуудыг хамруулан шалгах хэрэгтэй гэж үзэж байна….Т.Дуламдорж нь эцгийнхээ төрсөн дүү буюу авга эгч болох Тогоонямд барилга байгууламж барих сонгон шалгаруулалтын бүх асуудлыг хариуцуулж улмаар Тогоонямын нөхрийн хувийн компаниар Дорноговь аймгийн Айраг суманд аврах, гал унтраах ангийн барилгыг бариулж байгаа бөгөөд уг барилыг барихад шаардагдах бүх мөнгийг урьдчилан олгосон боловч уг барилгыг хугацаанд нь ашиглалтанд өгөөгүй байна. Одоо ч барьж дуусаагүй байна. Энэ Тогоонямын нөхрийн компани нь өмнө нь ч Онцгой байдлын автобаазын конторын барилга, засварын байрыг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр барьсны зэрэгцээ онцгой байдлын байгууллагын ажилчдын байрны 528 сая төгрөгийн өртөгтэй засварын ажлыг ч мөн сонгон шалгаруулалтгүй гүйцэтгэсэн байдаг” гэжээ./үргэлжлэл бий/