Дорнодын Засаг даргыг унагах том ажиллагааг МАН-ынхан эхлүүлжээ
Энэ аймгийн Засаг дарга С.Ганбатын тамга барих хугацаа нэг хоёрхон өдрөөр хэмжигдэх гэнэ. Түүнийг суудлаас нь унагахаар дор нь торхтой дарь булсан нь хэзээ мөдгүй дэлбэрэх болж. Дарь булагсадыг аймгийн Засаг даргын орлогч М.Бадамсүрэн, Чойбалсан сумын Засаг дарга П.Мөнхтөр гэж шуугиж байна. Засаг даргын орлогч нь аймгийн МАН-ын хорооны дарга асан бол хотын захирагч нь ИТХ дэх МАН-ын бүлгийн дарга юм. МАН-аас гардан явуулж буй “төр эргүүлэх” ажиллагааг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ерөнхийд нь “зохицуулж” байгаа сурагтай. Ийнхүү МАН аймгийн Засаг даргыг авах гээд Н.Алтанхуягд хоёр жил дээрэлхүүлснийхээ хариуг өнөө маргааш хоёр авахаар шийдэж. Тухайн үед М.Бадамсүрэн нэр дэвшиж байсныг төрийн албанд гурван жил ажиллаагүй гэдэг шалтгаанаар Шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайд батламжилахаас байнга татгалзаж Н.Номтойбаяр ширээ шааж байлаа. Үүний дараахан аймгийн хэмжээнд МАНАН үүсэж Засаг даргаар АН-ын С.Ганбатыг, орлогчоор нь Ардын намын С.Бадамсүрэнг томилсон. МАН-ынхан үүнийг хуйвалдаан гэж үзэн Улаанбаатар хот дахь Тусгаар тогтнолын ордон хүртэл явж заргалдсан агаад үр дүнд нь “урвагч” даргаа суудлаас нь мулталж чадсан. Харин Ардын намын улаа бутарсан хархүүг орлогчоо болгосон С.Ганбат ирээдүйд өөрийг нь унагах хүн байж гэдгийг таамаглаагүй байх. Бүр эгчийг нь хүртэл сургуулийн захирлаар томилж хамгийн түрүүнд цалинг нь нэмж байсан гэдэг. Энэ зуурт МАН-ынхан аймгийн төвийг гартаа оруулж байр сууриа бэхжүүлээд авчээ. Өдгөө Засаг дарга С.Ганбатыг ИТХ дэх намын суудлын 28 сая төгрөгний будлиантай холбон эрүү үүсгэсэн гэх шуугиан аймаг даяар тараад байна. Энэ нь засаг солигдох ажиллагаагаа хурдаа авсаныг баталсан хэрэг болжээ. МАН нь аймгийн ИТХ-д олонх тул боломж их агаад С.Ганбатын талын ганц тулгуур гэгдэх Г.Болдбаатар нь намын байрнаасаа хөөгдөөд ҮЗХ-ноос хасагдаад баларч байгаа тул дэмжих ар тал гэхээр зүйлгүй болжээ.
NUUTS.mn