“Нива трейд”, “Монгол терминал”, “Доктор авто сүлжээ” Н.Төмөрхүү сайдын ивээлд орсон уу?
Одоогоор автотээврийн хэрэгсэлд техникийн хяналт үзлэг хийх тусгай зөвшөөрлийг дээрхи нэр бүхий 3-хан компани эзэмшдэг гэнэ. Энэ нь салбарын яам зориуд хэсэг бүлэг компанид давуу байдал олгосноос гадна Өрсөлдөөний тухай хуулийг ч зөрчиж байгаа хэрэг юм. ЗТ-ийн сайдын 2014 оны 1-р сарын 20-ны өдрийн 12, мөн оны 4-р сарын 30-ны 106 тоот тушаалаар “Нива трейд”, “Монгол терминал”, “Доктор авто сүлжээ” гэсэн компанид автотээврийн хэрэгсэлд техникийн хяналт үзлэг хийх тусгай зөвшөөрлийг олгожээ. Үүнийг буруу гэдгийг хэлж ярьдаг хүмүүс ЗТЯ-ын салбарын байгууллагуудад байсан. Гэсэн ч одоо байхгүй болж байгаа гэнэ. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ энэ байдлыг эсэргүүцэж хэдхэн компанид олгосон давуу эрхийг цуцлуулахаар А.Гансүх сайдын үед тэмцээд дийлээгүй. Сүүлдээ бүр сайдын тушаалыг хүчингүй болгуулахаар захиргааны шүүхэд хандаад байсан. Харин энэ үед засаг солигдож АН-ын А.Гансүхийн оронд Ардын намын Н.Төмөрхүү сайд боллоо. Шийдлийн Засгийн газар өмнөх Шинэчлэлийн Засгийн газрын том бизнесмэнийг том салбарын сайд болгодог урхагшсан алдааг давтсан. Шинэ сайд ирэхийн хамтаар автотээврийн хэрэгсэлд техникийн хяналт үзлэг хийх тусгай зөвшөөрлийн монополь байдлыг эвдэх гэсэн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ –ын тэмцэл сулраад иржээ. Тэргүүн дэд захирал Н.Пунцаг нь “хариуцагчтай харилцан тохиролцсон” гэсэн үндэслэлээр шүүхээс нэхэмжлэлээ татан авсан нь байдал өөрчлөгдөнө хэмээн хүлээж байсан олон хүний гайхлыг төрүүлж урмыг хугалжээ. Хариуцагч гэдэг нь ЗТЯ буюу Н.Төмөрхүү сайдыг хэлж байгаа хэрэг. Ийнхүү шүүхийн шатнаас гэнэт эргэж буцсаныг нэлээд “дээрээс шидсэн чулуу” гэсэн яриа гарч. Салбарын тусгай зөвшөөрөл ямагт тухайн салбарын сайдынх нь “халаасанд” байсаар ирсэн. Үүнийг одоогийн сайд нар нь өмнөх сайд нараасаа “уламжилан авдаг”. Харин нөгөө талын хувьд “эзэд” солигдсоноос өөр өөрчлөлт гардаггүй гэдэг. “Нива трейд”, “Монгол терминал”, “Доктор авто сүлжээ” -гийн монополийн эсрэг тэмцсэн “Авто тээврийн үндэсний төв”-ийн идэвхи гэнэт суларсан нь ЗТ-ийн сайдаас ирсэн шахалт байж магадгүй гэсэн хардлага ч гарч. Шинэ сайд бизнесмэн хүний хувьд салбарт нь орсон бизнесийн төлөөллийг “идэвхитэй хамгаалсан” байж болно. Тэгээд ч Н.Төмөрхүү нь барилгын салбарын хүн агаад сайдаар ирсэнийхээ дараа гурван өдөр өрөөгөө түгжин хүн ч хүлээж авалгүй яамныхаа бүх бичиг баримттайгаа танилцаад “ойлгоход бэрх салбар байна шүү” гэсээр гарч ирсэн гэдэг.
NUUTS.mn
