Дорнодын харцага цагдаа зодсон хэргийг шийдвэрлэжээ
Нийтэлсэн: 2015-03-03 04:06:34
Өмнө нь манай сайт Дундговь аймгийн Луус сумын аймгийн начин Дорнодын улсын начинд зодуулсан, 3.5 сая төгрөг нэхэмжилсэн хэргийг тухай мэдээлсэн. Морин жилд Дорондын бөхчүүд нэлээд барцадтай байжээ. 2010 онд Дорнод аймгийн "Шилдэг бөх" цол тэмдгээр, мөн Дорнод аймгийн Сэргэлэн сумын "Шилдэг залуу" шагналаар, 2011 онд Дорнод аймгийн Сэргэлэн сумын "Хүндэт иргэн" медалиар, 2013 онд Дорнод аймгийн баяр наадамд 6 давж "Харцага" цол авсан Э.М нь 2010 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны гадна Б.Алтантамгатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүдэн тус газар гараараа цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, мөн 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Сити найт" баарны гадна тус аймгийн ЦХ-ийн хэсгийн цагдаа Т.Батболдыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ . Аймгийн харцага хохирогч нартай эвлэрч Алтантамгад өөрийн "Марк 2" суудлын автомашинаа өгсөн, хохирогч цагдаад нийтдээ 2 сая төгрөг төлжээ. Зодуулсан цагдаа "…2014 оны 8 дугаар сарын 10-ны өдөр цагдаагийн газрын оройн эргүүлийн үүргийг Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт олон нийтийн цагдаа Золбаярын хамт гүйцэтгэсэн. Орой 00 цаг 10 минутын үед Хэрлэн сумын 6-р багийн нутаг "Сити найт" баарыг хаалгахаар гадаа нь очоод гадаа байсан хүмүүсийг нь тараачихаад хөдлөх гэж байтал хажуугаар цагаан өнгийн Марк 2 машин хурдтай хаазлаад өнгөрөхөөр нь согтуу байгаа юм байна гэж бодоод араас нь очоод та согтууруулах ундаа хэрэглэсэн юм уу гэж асуухад би хэрэглэсэн гэж хэлээд би тохируулж хэрэглэнэ ш дээ гэхээр нь би та согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барьж болохгүй биз дээ гэхэд мэдэж байна би М байна шүү надад цагдаа найзууд олон байдаг бичиг баримт аваад ир гэхээр нь өгөөгүй болохоор машин дотроосоо машиныхаа хаалгаар 2-3 удаа хөл рүү цохиод машинаа асаагаад хөдлөх гэхээр нь урдуур нь хашаад 15 буюу замын цагдаа дуудах гэтэл намайг шууд бууж ирээд баруун шанаа руу 2 удаа цохиод машиндаа суугаад яах гээд байгаа п-даа вэ та нарыг ална шүү гээд намайг арагшаа түлхэхэд ард талын төмөрт хөл тээглээд унахдаа баарны хананд толгойгоо цохиод газар унаад толгой манараад эвгүй болоод явчихсан. …надаас гарсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, уучлалт гуйсан надад учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан болохоор надад гаргах санал гомдол нэхэмжлэх зүйлгүй …" гэжээ. Шүүх аймгийн харцагыг 1.6 жилээр тэнсэн харгалзжээ.
NUUTS.mn