Э.Эрдэнэжамьяаны захидлаас болж Н.Энхбаярын дүү Н.Энхтуяаг Орос, Сингапураас баривчлах боломжыг алджээ-1
Нийтэлсэн: 2015-03-02 02:42:06
МАХН-аас нэр дэвшин ХЗ-н дэд сайдаар ажиллаж байсан Э.Эрдэнэжамъяан нь 2012 оны 10-р сарын 17-ны өдөр Интерполд нэгэн алдарт захидал бичсэнээс болж бөөн хэрэг дэгдээж байсан. Тэрээр өөрийн …………………[email protected] и-мэйл хаягаар Интерполын Нарийн бичгийн дарга нарын ерөнхий газрын цахим хуудсанд Интерполын Ерөнхий Нарийн бичгийн дарга Роналд Нобелд хандаж “...Монгол Улсын хууль зүйн яамны дэд сайдын хувиар энэ захидлыг бичиж байна. Монгол Улсын хоёр иргэн /Намбар Энхтуяа, Буяа Хуяг/ Интерполын веб хуудасны эрэн сурвалжилж байгаа хүмүүсийн жагсаалтанд байна гэсэн мэдээллийг өнөөдөр би авсан. ...Энэ хоёр хүнтэй холбоотой хэрэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Шударга ёс эвслийн тэргүүн Намбар Энхбаяртай холбоотой улс төрийн шалтгаантай хэрэг гэж бид үзэж байгаагаа Интерполд мэдэгдье. Эрэн сурвалжлагдсан хүмүүсийн жагсаалтаас энэ хоёр хүнийг авч хаяхыг албан ёсоор хүсье ...” гэсэн захидал илгээсэн. Монголын ХЗ-н дэд сайдын захидлыг хүлээн авсан Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газраас 2012 оны 12-р сарын 5-ны өдөр Буяагийн Хуяг, Намбарын Энхтуяа нарын эсрэг хэвлэн нийтэлсэн улаан булант зар мэдээг цуцалсанаар уг хоёр сэжигтэний талаар Интерполын гишүүн улс орнуудаас Интерполын Шугамаар хандаж мэдээлэл авах боломжгүй нөхцөл байдал шууд үүсжээ. Гэтэл АТГ өмнө нь буюу 2012 оны 9-р сарын 24-ний өдөр Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт эрүүгийн ………. тоот хэргийн сэжигтэн Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг Интерполын улаан булант зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлуулахаар холбогдох мэдээлэл хүргүүлсэн байж. Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газар Монголын АТГ-ын хүсэлтийн дагуу А-6322/10-2012, А-6347/10-2012 дугаарын улаан булант зар мэдээгээр 2012 оны 10-р сарын 9, 10-ны өдрүүдэд хэвлэн нийтэлсэн дээрх Монголын хоёр иргэнийг интерполоор эрэн сурвалжлах ажиллагаагаа Монголын ХЗ-н дэд сайдын захидалд үндэслэн 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд зогсоосон гэнэ. Энэ нь АТГ-ын явуулж байгаа мөрдөн байцаах ажиллагаанд саад хохирол шууд учруулжээ. Н.Энхтуяа нь МАХН-ын дарга Н.Энхбаярын дүү, Б.Хуяг нь БСШУ-ны дэд сайд Б.тулгын ах гэдгийг уншигчид мэдэх байх. Э.Эрдэнэжамьяаны баталж байгаагаар манайхан Хуяг, Энхтуяа хоёрыг хайж байна, хамтарч гэмт хэрэг үйлдсэн хүн нь Намбарын Энхбаяр сэтгүүлч, орчуулагч гээд мэдээлэл явуулчихсан гэнэ. Оршин суух хаяг нь тодорхойгүй. Гэтэл Интерпол Н.Энхбаяр нь Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн гэдгийг мэдэхгүй байгаад экс дэд сайдтан ихэд санаа зовжээ. Ингээд л захиа бичсэн гэнэ. Захиа нь ч үр дүнгээ өгч. Интерпол нь Монголын ХЗ-н дэд сайдын захидлыг хүлээн аваад ерөнхий нарийн бичгийн даргын Хуулийн асуудал хариуцсан хэлтэсээрээ судлуулж. Ингээд нь Н.Энхтуяа, Б.Хуяг нарт холбогдох хэрэгт тэднийг эрэн сурвалжуулж байгаа нь Интерполын Үндсэн хуультай нийцээгүй байна гэсэн дүгнэлт гаргаж. Уг Үндсэн хуульд нь улс төр, цэрэг, шашин, арьс өнгөний эсрэг асуудалд тус байгууллагаас оролцохыг хатуу хориглохоор заасан байдаг гэнэ. Хуулийн асуудал хариуцсан хэлтэс нь Монголын ХЗ-н дэд сайд болон Монголын Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн захидал мэдээлэл зэргийг харьцуулан үзээд энэхүү эрүүгийн хэрэгт улс төрийн намууд хоорондын зөрчилдөөн үүссэн, улс төр давамгайлсан шинжтэй байна гэж дүгнэлт гаргасан тул Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газар нь Монголын нэр бүхий хоёр иргэний тухай файлыг эрэн сурвалжлах сэжигтний мэдээллийн сангаас устгах шийдвэр гаргажээ. /үргэлжлэл бий/
NUUTS.mn