“Эрдэнэс Таван Толгой” компани 18 гадаад мэргэжилтэндээ жилд 6.9 тэрбумын цалин олгодог
Нийтэлсэн: 2015-02-27 12:25:50
Тавантолгойн ордын 7.4 тэрбумын нөөцтэй коксжих нүүрсний ордыг олборлон монголчуудаа баяжуулах “Эрдэнэс Таван Толгой” компани байгуулагдсанаас хойш бүтэн дөрвөн жил өнгөрлөө. Харамсалтай нь хүсэн хүлээж байсан их мөнгө олох үндэсний компани маань одоо болтол Хятад улсад нүүрс нийлүүлдэг, дуусашгүй их өр төлдөг хэвээрээгээс гадна улстөрчдийн “улайны” газар болжээ. . “Эрдэнэс Таван Толгой” компанийн захирал Я.Батсуурь баригдаад “ганцад” хоёрдахь өдрөө сууж байна. Түүнийг баривчилсан шалтгааны талаар олон хардлага яваагаас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн дураараа дургисантай холбоотой байж болох юм. Түүний компани “Эрдэнэс Таван Толгой”-н тендерт ялж дараа нь уг тендерийг цуцалсан ч гайхалтай нь компаний удирдлага “Говвь Повер”-д бууж өгөн 4.6 тэрбум төгрөг шилжүүлсэн байдаг. Энэ бол шалгах ердөө нэг шалтгаан байж болох юм. Түүнээс гадна гадаад мэргжилтнүүдийн цалин гэж тэнгэр багандсан эд бий. Тавантолгойн ордыг ашиглах уул уурхайн хамтын ажиллагааны гэрээний дагуу “Эрдэнэс Таван Толгой” нь гадаад урт нэрт олборлогчоо түлш, цахилгаан, ус ажиллах хүчнээр хангахаас гадна гадаад мэргэжилтний цалинг нь даадаг аж. Тэгвэл гадаад мэргжилтнүүд нь монгол ажилчдын дэргэд тэнгэр баганадсан өндөр цалин авдаг гэнэ. “Эрдэнэс Таван Толгой”-н гадаад олборлогчын гадаад мэргэжилтэн сард 32.1 сая төгрөг авч байгаа нь 1.6 сая төгрөгийн цалинтай монгол инжежер техникийн ажилчдынхаас 19.8 дахин өндөр байгаа аж. Нийт 353 монгол ажилчдын жилийн цалингийн сан нь 3.8 тэрбум л болдог бол 18 гадаад мэргэжилтний жилийн цалингийн сан нь 6.9 тэрбум хүрдэг гээд нүд орой дээр гарам зүйл их байдаг аж. Гадаад олборлогчын гадаад мэргэжилтэндээ маш өндөр цалин олгохоос гадна Улаанбаатар хот дахь тансаг байрны зардлыг нь даадаг. Энэ тансаглалд л гэхэд жилдээ 260 гаруй сая төгрөг “Эрдэнэс Таван Толгой”-гоос гараад явчихдаг. Гэтэл тэрхүү өндөр цалинтай гадаад мэргжилтнүүд нь авч байгаа мөнгөндөө дүйхээр мэдлэг чадвартай айхтар нөхөд биш гэнэ. Зарим нь бүр арай ч дээ гэмээр хүмүүс байдаг тухай компаний монгол ажилтан инженерүүд шүүмжилдэг. “Эрдэнэс Таван Толгой” компаний дэд захирал болон Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан хоёр гадаад нөхрөөр IPO гаргуулахаар гэрээ байгуулахдаа гэрээнд заасан хугацаанаас өмнө гаргавал цалингийн 40 хувьтай тэнцэх хэмжээний хувьцаагаар шагнах, хэрэв хугацаандаа багтааж гаргаагүй бол дээрх хэмээний бэлэн мөнгөөр шагнах гэсэн жинхэнэ утгагүй заалт тусгасан байсан гэнэ. Өөрөөр хэлбэл IPO гаргах хоёр гадаад “мэргэжилтэн” гэрээний хугацаанд багтааж хийсэн ч эс хийсэн ч шагнал авахаар байж. Монгол удирдлага нь ингэж тал засаад байхад хүртэл нөгөө хоёр нь IPO-гоо хийж чадалгүй байсаар энэ чухал ажлыг нураан их цаг хугацаа алдаж байжээ.
NUUTS.mn