Аймгийн начин улсын начингаас “дөрвөн шүдний” үнэ болох 3.5 сая төгрөг нэхэмжлээд шүүхдэлцжээ
Нийтэлсэн: 2015-02-27 02:38:38
Монгол бөхчүүдийн тухайд эмнэлэг, сургуульд хандив өглөө гэхийн оронд энд тэнд хүн зодлоо гэх нь илүүтэй сонсогддог. Мөн олон бүлэглэлд хуваагддаг тул хоорондоо ч ширүүхэн үзэлцдэг. Саяхан Дундовь аймгийн харьяат аймгийн начин нь зүүн аймгийн харьяат улсын начингаас “гэм хор учруулсан хохиролд” хэмээн 3.5 сая төгрөг нэхэн шүүхдэлдцжээ. Гэм хор гэдэг нь шүүхийн хэллэгээр “хувийн таарамжгүй харьцааны улмаас цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” явдал гэнэ. Аймгийн начин Ч.Ц нь “Д.Ц нь намайг цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шинжээчийн 1357 тоот дүгнэлтээр нотлогдсон, Д.Ц нь хохирогчын эмчилгээний зардал болох 8.500.000 төгрөг төлөхөөр эвлэрсэн болон анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож хэргийг хэргэсгэхгүй болгосон, ингээд 2014 оны 4-р сарын 25-ны өдөр хэлцэл хийж таван сая төгрөг бэлнээр өгч үлдсэн 3.5 сая төгрөгийг 2014 оны 8-р сарын 1-ний дотор төлөхөөр тохирсон боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй тул гэм хорын хохирол болох дөрвөн шүд хийлгэх, түүнчлэн сэтгэл санааны хохирол болон өмгөөллийн зардалд 3.5 сая төгрөгөө нэхэмжилж байна” гэжээ. Харин улсын начин цохисоноо үгүйсгэжээ. Түүний тайлбараар хохирогч нь барилдаан болсны дараагаар хэрүүл маргаан үүсгэн Бөхийн өргөөний шатаар өгсөх үед түүний ар нуруу хэсэгт цохих гэж байгаад урагш бүдрэн унаж тохой хэсэгт нүүрээ мөргөсний улмаас өөртөө гэмтэл учруулсан гэнэ. Улсын начин мөрдөн байцаалтын шатанд болсон явдлыг үнэн зөвөөр мэдүүлж “хохирогч гээд байгаа талын өөрийн буруутай үйлдийн улмаас” учирсан хохирлыг хариуцахгүй талаараа хэлж байсан гэнэ. Гэсэн ч хэргийг шалгаж хянаж байсан мөрдөн байцаагч болон хяналтын прокурор нар нь түүнийг ажилладаг газраар нь далимдуулж хохирол төлөхийг шаардаж ажил руу нь мэдэгдэл хүргүүлнэ гэж дарамталсан тул арга буюу таван сая төгрөгийг бэлнээр өгүүлж, харин 3,5 сая төгрөгийг 8 дугаар сарын 1-ний өдөр төлөхөөр “хохирогч гээд байгаа талтай” хэлцэл хийлгэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хэмээн хариуцагч шүүхэд мэдүүлжээ. Гэтэл Ч.Ц нь бодит зардлын баримтгүйгээр надаас авсан төгрөгөөрөө шүдний эмчилгээ хийлгэнэ гэж байсан боловч одоо болтол эмчилгээ хийлгээгүй уулзаж асуухад өөрийн ахад мөнгөө зээлсэн гэсэн тайлбарыг хэлдэг гэж мөн мэдүүлжээ Иймд одоо нэхэж байгаа 3,5 сая төгрөгийг төлөхгүй гэжээ. Шүүх хэргийг хянан хэлэлцээд “хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн биед хөнгөн гэмтэл учруулсан асуудлаар маргахгүй байгаа ч нэхэмжлэгч тал нь 4 шүд хийлгэх, түүнчлэн сэтгэл санааны хохирол болон өмгөөллийн зардалд 3.5 сая төгрөгийг гаргуулна гэсэн шаардлагаа нотлох баримтаар нотлох үүрэгтэй, гэтэл хэдэн шүд гэмтсэн, түүнчлэн хэдэн төгрөгөөр шүд хийлгэх шаардлагатайг нотолсон болон шүд хийлгэхэд шаардагдах зайлшгүй бүх зардлуудаа нотлох баримтаар нотлоогүй тул” гэсэн үндэслэлээр аймгийн начингийн улсын начингаас 3.5 сая төгрөг нэхэмжилсэн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
NUUTS.mn