Нэг тэрбумд “унасан” Ц.Мягмардорж ”Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг юу гэж “гүтгэсэн” бэ ?
Нийтэлсэн: 2015-02-13 02:46:42
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд ханджээ. Учир ньхоёр жилийн өмнө “Гал үндэстэн” холбооны гишүүдэд хэд, хэдэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсний нэг нь уул уурхайн компаниудыг сүрдүүлж мөнгө авдаг байсан тухай юм. “АУМ Алт” компанийн захирал Ц.Мягмардорж тэднийг 67 сая төгрөг сүрдүүлж авсан гэж цагдаад мэдүүлсэн ч шүүхийн шатанд хэрэгсэхгүй болсон билээ. Ц.Мөнхбаяр түүний мэдүүлгийг нэр хүндэд халдсан хэмээн үзэж Өвөрхангай аймгийн шүүхэд уржигдар нэхэмжлэл гаргажээ. Тэрбээр Ц.Мягмардоржоос нэг тэрбум төгрөг нэхэмжилсэн байна. Мөрдөн байцаалтын үеэр Ц.Мөнхбаяр О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарыг зохион байгуулалттайгаар бүлэглэн 2012 оны 07 дугаар сараас 2013 оны 08 дугаар сарын хооронд “АУМ АЛТ” компаний захирал Ц.Мягмардоржоос 67.000.000 төгрөг буюу онц их хэмжээний мөнгө далайлган сүрдүүлж авсан гэх хэргээр ялласан. Манай сайт эрхэм уншигчиддаа шүүхийн шатанд “АУМ” компанийн захирал Ц.Мягмардорж болон бусад гэрч нарын Ц.Мөнхбаяр хэрхэн “рекетлэдэг” тухай мэдүүлснийг хүргэж байна. Хохирогч гэх Ц.Мягмардорж нь мөрдөн байцаалтын шатанд “…Самбуу-Ёндон надад Өмнөговь билүү Дундговьд билүү семинар хийх гэж байна, мөнгөний хэрэг байна, 10 төгрөг өгчих гэхээр нь би 5 сая төгрөг л байна. Одоо 5 сая төгрөг өгье, үлдсэн 5 сая төгрөгийг дараа нь өгье гээд эхнэртээ хэлж Самбуу-Ёндонгийн өөрийнх нь данс руу 2013.08.02-ны өдөр 5 сая төгрөг, 2013.08.05-ны өдөр үлдсэн 5 сая төгрөгийг хийлгүүлсэн. …намайг Мөнхбаяраас өөр дарамталсан хүн байхгүй” гэж мэдүүлсэн гэнэ. Бусад гэрч нар ч иймэрхүү мэдүүлэг өгч. Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Энхбаатар нь “…Онги голынхон 2 жилийн өмнө байхаа тэнд үйл ажиллагаа явуулдаг нэг компаны техник руу буудаад бөөн шуугиан болж байсан. Тэр хэрэгтээ хариуцлага хүлээгээгүй болохоор компаниудын захирлууд Мөнхбаяраас их айж эмээх болсон байхаа…” гэжээ. Гэрч Ч.Цэвэлдорж нь “…Бөөрөлжүүт, Өлтийн хөндийд үйл ажиллагаа явуулдаг алтны захирал, ажилчид Мөнхбаяраас жигтэйхэн айдаг. Мөнхбаярын сургаар тэд ухаанаа алдчихдаг. Эвдэнэ, бусниулна, мотор техникийг нь эвдчихнэ гэж айдаг юм билээ…” гэсэн гэнэ. Гэрч А.Пүрэвдорж нь “…Мөнхбаярыг ирж байгаа сургаар бид их айдаг юм. Ихэнх компаниуд бүр үйл ажиллагаагаа зогсоодог юм…” гэж сүнс нь зайлсан хүний мэдүүлэг өгчээ. Бас нэг гэрч Д.Балдандорж нь “…ер нь бол энэ нутгийнхан Мөнхбаяраас их айдаг, бүр ажлаа зогсоогоод явдаг тохиолдол ч байсан. Энэ хавийн компаниудыг дарамталдаг нь үнэн. Алаад өгнө гэж занаад яваад байдаг хүн гэсэн…” гэж баталжээ.
NUUTS.mn