Архины мөнгө өгсөнгүй хэмээн хорсохдоо төрсөн дүүгээ хүнд гэмт хэрэгт гүтгэжээ
Нийтэлсэн: 2015-02-12 07:35:56
Архичин хүнд ямар ч хайрлах зүйл байдаггүй гэдгийг харуулсан явдал Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаданд гарчээ. 1971 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 43 настай, Боржигон овогт Ц. А нь өөрийн төрсөн дүү болох Ц.С-д гэдсэн тус газраа өшиглүүлсний улмаас “хүнд” гэмтэл авсан гэж бусдыг хүнд гэмт хэрэгт холбогдуулан худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгтээ 1.6 жилийн тэнсэн харгалзах ял авчээ. Ц.А эхний удаад мөрдөн байцаалтын шатанд “...2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр архи уучихаад байж байхад манай дүү архи уулаа гэж надад уурлаад байхаар нь би өөдөөс нь хэдэн үг хэлчихсэн чинь миний гэдэс рүү нэг удаа өшиглөсөн. Өөрөөр бол зодож цохиогүй, түүнээс хойш миний гэдэс рүү хатгаад тэр шөнө унтаж чадаагүй. Тэр үед дүү эхнэрийнхээ хамт унаа олоод намайг аваад Цагаан хадны ард байдаг эмч гэсэн байхаа нэг хүүхэн дээр очоод үзүүлсэн. Тэр эмч гэх эмэгтэй надад өвчин намдаах тариа хийж өгсөн. Тэгээд буцаад гэрт нь очиж хоноод өглөө эрт Цагаан хаднаас Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэг рүү яваад орой нь очиж хэвтээд гэдсэндээ хагалгаа хийлгэсэн. Нарийн гэдэс цоорсон байна гэж эмч хэлсэн... миний дүү С намайг архи уулаа, үгэнд орохгүй байна гэж уурлаад нэг удаа миний гэдэс рүү өшиглөсөн. Түүнээс болоод миний гэдэс маш их өвдсөн түүнээс болоод хагалгаанд орсон... дүү намайг өшиглөх үед эхнэр л байсан, өөр хүн байгаагүй... гэжээ. Гэсэн ч мөрдөн байцаалтын явцад төрсөн дүү нь ахаа өшиглөөгүй харин өөрөө гэрээс нь гарч явахдаа харанхуйд бүдрэн хатуу чулуун дээр унаснаас хүнд гэмтэл авчээ. Ах нь ердөө архины мөнгө өгсөнгүй хэмээн хорсож төрсөн дүүгээ эрүүгийн хэрэгт унагах гэж байж. Дүүгийнх эхнэр нь болсон явдлыг үнэнээр нь ярьж “тэр орой нөхөр, охин бид гурвыг гэртээ байж байхад гаднаас А ах орж ирсэн. Тухайн үед нэлээд согтуу байсан. Манай нөхрөөс архины мөнгө өгчих гээд байсан... мөнгө өгчих гээд дайраад давшлаад байхаар нь нөхөр байхгүй л хэлж байсан тэгээд л удаагүй А ах гэрээс гараад явсан... манай нөхөр ахыг огт зодоогүй...харин ах нь шүлсээ үсрүүлээд мөнгө нэхээд дайраад байсан, А ах ах манай гэрийн гадаа майхан бариад амьдардаг байсан...” гэжээ. Ц.А нь дараа нь шүүхийн шатанд “...Би сонсгож байгаа ялыг ойлгосон. хүлээн зөвшөөрч байна... би өмнө нь мэдүүлэг өгөхдөө дүү С-г гэдэс рүү өшиглөсөн гэж худлаа мэдүүсэн... яг үнэндээ бол намайг өшиглөөгүй юм” хэмээн хүлээн зөвшөөрчээ.
NUUTS.mn