АМГ-ын дарга асан Д.Батхуяг “Саусгоби сандс” компанитай ямар холбоотой байсан бэ ?-1
Нийтэлсэн: 2015-02-04 02:08:03
35 тэрбумын татвараас зайлсхийсэн байж болзошгүй “Саусгоби сэндс” компанийн экс удирдлагуудын хэргийг шүүх хурал дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд гурван өдөр шүүж тэдэнд ял оноолоо. Тодруулбал, "Саусгоби сэндс" компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Каплад таван жил 10 сар жилийн хорих ял оноож, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажукомд 5.6 жил, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвидэд таван жил 10 сарын хорих ял оноосон байна. Мөн шүүгдэгчдээс тус бүр нэг сая төгргөийг гаргуулж улсын орлого болгох шийдвэр гаргажээ. Энэ хэргийн тухайд АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат нь “2012 онд АМГ-ын даргаар ажиллаж байсан Д.Батхуяг нарт АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Д.Батхуяг нар нь “Саусгоби сэндс” мэдэлд байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өөрийнхөө найзын компанийн нэр дээр хууль бусаар сэргээн шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, “Саусгоби сэндс” компанид эрэл хайгуул хийгээгүй, цуцлах нөхцөл бүрдсэн лицензийг сунгаж өгөөд, нэг тусгай зөвшөөрлийг нь хахуульд авсан гэсэн үндэслэлээр шалгасан. Лиценз эзэмшигч компани хуульд зааснаар жил бүр эрэл хайгуулын ажил хийж, АМГ-т тайлагнаж мэдүүлж байх ёстой. Эрэл хайгуул хийгээгүй компанийн лиценз цуцлагдаж байх хуультай. Гэтэл “Саусгоби сэндс” компанийнхан худлаа тайлан өгдөг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Ингээд бид бүх эрэл хайгуул хийсэн цооногийг газар дээр нь шалгаж, санхүүгийн тайлан, нягтлах бодох бүртгэлийн баримтуудыг нягталсан. Шинжээч томилж дүгнэлт гаргуулахад газар дээрээ ямар нэгэн зардал гаргаж хайгуулын ажил хийсэн нь байдаггүй, харин санхүүгийн баримт дээрээ зардал гаргасан мэтээр баримт бүрдүүлж байсан нь тогтоогдсон. Манайх хахуулийнхаа асуудлыг шалгаж Д.Батхуяг нарын хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Харин “Саусгоби сэндс” компанийн татвараас зайлсхийсэн асуудал нь АТГ-ын харьяаллын шалгах асуудал биш гээд цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Манайд шалгаж байхад нь хоёр ч удаа шинжээчийн дүгнэлт гарч байв” гэсэн. Тэгвэл АМГ-ын дарга асан Д.Батхуягийг . Л.Даваацогт, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нартай бүлэглэн Ашигт малтмалын газраас 2009 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 25-ны өдрүүдэд Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутагт байх ашигт малтмалын хайгуулын жаран есөн ширхэг тусгай зөвшөөрлийн талбайд 2008 онд гүйцэтгэсэн геологи, хайгуулын ажлыг газар дээр нь тулган баталгаажуулах шуурхай хяналт, шалгалтыг гүйцэтгүүлэхэд "Саусгоби сэндс" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын 9442Х, 5259Х, 5277Х, 12388Х тоот тусгай зөвшөөрлийн 2008 онд хайгуулын ажилд зарцуулсан зардал нь хайгуулын ажлын доод зардалд хүрээгүй болох нь тогтоогдож, тус газрын Захиргаа удирдлагын хэлтсийн Эрх зүй, хуулийн тасгаас ашигт малтмалын дээрх дөрвөн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3, 33.3, 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт зааснаар цуцлах тухай дүгнэлт гарсан байхад Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Батхуяг, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогт нар "Саусгоби сэндс" ХХК-ийнашиг сонирхлын үүднээс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-д заасны дагуу ашигт малтмалын 9442Х, 5259Х, 5277Х, 12388Х тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үүргээ хэрэгжүүлэлгүй, үүссэн нөхцөл байдлыг ашиглан хясан боогдуулах замаар "Саусгоби сэндс" ХХК-ийн эзэмшилд байсан, орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдсан Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутаг дахь “Хайрхан толгой” нэртэй 72499 гектар талбай бүхий (42.867.979 тонн чулуун нүүрсний нөөцтэй) ашигт малтмалын 5261X тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогт нь 2010 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 213 дугаартай шийдвэр гарган сэргээж, 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 434 дугаартай шийдвэрээр Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягийн найз С.Жаргалсайханд, "Зэлэм" ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн хэрэгт бууртгасан юм/үргэлжлэл бий/
NUUTS.mn