“Ноён” уулаа бус “Ноёд”-доо Сүйтгэе
“Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн, Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн О.Цэрэннадмид ярихдаа: Энэ бол зөвхөн нутгийн иргэд, хөдөлгөөний гишүүдийн асуудал биш, эх орондоо хайртай, эх нутгаа гэсэн сэтгэлтэй, газар шороондоо хайртай хүн бүхний тэмцэл юм. Ноён уул бол зөвхөн Монголын өмч биш. Дэлхийн төрт ёсны их өв соёлыг агуулсан маш том баярлаг. Үүнийг бид байгалийн үзэсгэлэнт ой мод, өвс ургамалтай нь онгон дагшин хэвээр нь хойч үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө өнөөдөр тэмцэж байна. Өнөөдөр эх орноо худалддаг, эх орноосоо урвасан, элит гаралтай гэж өөрсдийгөө нэрлэх, ядуусын дунд амьдарч үзээгүй, өлсөж, цангаж үзээгүй ийм хүмүүс төрийн эрхэнд байна. Энэ асуудал хаа хүртэл явахыг хэлж мэдэхгүй. Ер нь хатуухан хэлэхэд хэдэн хүний амь нас цус эдэнд хэрэгтэй юм бол оо. Хичнээн монгол хүний цусаар гацууртыг хөдөлгөхийг харая гэж бодож байна. Би ч үүнд бэлэн байна. Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй иргэн хүний хувьд, өдий 60 гартлаа үр хүүдхээ өсгөж явсан алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой эх хүний хувьд энэ асуудлын эцсийг хүртэл тэмцэх болно. Надад одоо албан тушаал, нэр төр аль нь ч хэрэггүй. Би төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Лхүмбийн зээ охин. Тиймээс би Ноён уулыг ухуулахгүйн төлөө амиа өгөхөд ч бэлэн байна. Түүгээр ч зогсохгүй, би эмэгтэй Мөнхбаяр болсон ч бэлэн байна” гэлээ.
Энэ орд газрын асуудлаар танай нутгаас УИХ-д сонгогдсон төрийн түшээд ямар байр суурьтай байна вэ гэсэн сурвалжлагчийн асуултад тэрээр: -“Сангийн сайд Ж.Эрдэнэбат, “Сентерра гоулд”-ын зөвлөх Нямсүрэн гээд нөлөө бүхий нөхдүүд Ноён уулын ар хормой дахь Хэрх багийн унаган хүүхдүүд байгаа юм. Нэг нь Түнхэлийнх, нөгөө нь Тултын тохой гэж газраас гаралтай ийм хүмүүс. Гэтэл энэ хүмүүс үнэхээр газар нутаг, өвөг дээдсийнхээ өв соёлыг хайрлаж, эцэг эхийн нутаг усаа гэж сүү цайны дээжээ өргөж боддог юм уу гэхээр үгүй юм шиг байгаа. Үнэхээр тийм бол 2009 оноос хойш “Ноён уул”-аа аврах хөдөлгөөн бий болчихоод байхад нэг ч удаа бидэнтэй уулзаж энэ талаар яриагүй. Тэр хүмүүс энэ байдлаараа өөрсдийгөө ард түмэн, нутаг ус, өв соёлоосоо ямар хол байгаагаа харуулсан юм.
Өнөөдөр өвөр монголчууд Хүннүгийн хоёрхон ширхэг хэрэгсүүр олчихоод Хүннү их гүрний төв, гал голомт нь манай хятад нутагт байжээ. Хүннүгийн төрт ёс манайхаас гаралтай гэж дэлхий дахинд зарлаж байна.
Гэтэл манай улс Хүннүгийн хэдэн зуун хэрэгсүүр олдворууд бунхантай байж үүндээ үнэхээр хүндэтгэлгүй хандаж байгаад харамсаж байна. Эцэст нь та бүхнээс шударга чөлөөт хэвлэл, мэдээллийн хэрэгслээс хүсэхэд Ноён уулын олборлолтыг зөвшөөрсөн гэж кноп дарж байгаа нөхдүүдийг бүгдээрээ нүд салгалгүй харж байгаад ард түмэндээ илчлээрэй. Бидний нутгийг аль хэдийн зарчихсан, худлаа жүжиглэхээ болиосой гэж хэлмээр байна” хэмээн аргаа барсан дуугаар ярьж байх боловч түүний нүдэнд эх орныхоо төлөө амиа өгөхөөс үйл буцах оч гялалзах шиг боллоо.
Үнэхээр энэ асуудал бол зөвхөн нутаг орноо гэсэн хэсэг хүний асуудал биш ээ. Энэ бол эх орноо, Монгол улс гэх нэр төр, алдар хүндээ дээдэлсэн манай иргэдийн сэтгэлийн дуудлага байлаа.