Янгир агначихаад ховор ан гэдгийг мэдээгүй гэжээ
Нийтэлсэн: 2015-01-21 04:51:24
Дархан цаазат амьтдын тоонд аргал янгир ордогийг бүгд мэддэг. Ялангуяа энэ амьтад байдаг Ховд, Баян-Өлгийнхөн дунд мэдэхгүй хүн байхгүй. Гэтал дархан цаазат ан агначихаад хуулиар хориглосон гэдгийг мэдээгүй гэж мэлзсэн хэрэг Баян-Өлгийд гарчээ. 32 настай Хайырманы Хуантай, 21 настай Авилгажын Серикбол.нар бүлэглэн Ногооннуур сумын Ховд багийн нутаг дэвсгэрт буюу “Хөшөөт” гэх газраас ховор амьтан болох янгир ямааг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэгт холбогджээ. А.Серикбол нь ”.....Ээж хойлог шувууны мах хэрэг болоод байна гэхээр нь миний бие хүргэн ах Х.Хуантайгийн хамт 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Ногооннуур сумын Ховд багийн нутаг дэвсгэр “Хөшөөт” гэх газар хойлог шувуу агнахаар хайж явахад 5 тооны янгир ямаа бэлчиж байхад Х.Хуантай өөрийн ТОЗ-8 маркийн буугаар нэг ямааг буудах үед нэг нь үхсэн, бусад янгир ямаа зугтаж явсан, янгир ямааны махыг Х.Хуантай бид хоёр хувааж авч тал махыг нь Х.Хуантайгийн өвлийн байшингийн амбаарт оруулж, тал махыг гэрт авч ирж махаар нь гэр бүлийн хүмүүсийн хамт хоол хийж идээд дуусгасан, гэхдээ бид янгир ямаа ховор амьтны жагсаалтад орсон буюу агнахыг хориглосон амьтан гэдгийг мэдээгүй тул хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байгаа ба дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй” гэсэн гэнэ. Мөн Х.Хуантай нь эхнэрийн дүү А.Серикболын хамт янгир агнасаа хүлээн зөвшөөрч. Гэхдээ шархадсан янгиртай таараад амьтныг зовоогоод яахав гэж шийдээд буудсан гэж мэдүүлжээ.
NUUTS.mn
