3.2 тэрбумын банкны өрнөөс болж МАХН-ын НБД, гавъяат хуульч Ц.Шаравдоржийн үзэсгэлэнт гэргийн хил нэвтрэх эрхийг дахин хааж магадгүй болжээ-1
Нийтэлсэн: 2015-01-21 02:04:51
УИХ-ын гишүүн асан, УИХ-ын тамгын газрын ЕНБД-аар ажиллаж байсан, гавъяат хуульч Ц.Шаравдоржийн залуухан гэргий, “Гандирс” компаний ерөнхий захирал Ц.Эрдэнэчулууны барилгын бизнест хүндрэл учирчээ. Хүнд хэцүү барилгын салбарт хүч үзэн орсон бизнес хатагтай зовж зүдэрч байж барьсан олон барилгаа банкны зээлний барьцаанд хураалган түрүүчээс нь албадан дуудлага худалдаанд орон бараг алдах дээрээ тулжээ. Дорноговь аймгийн төв Сайншанд хотод баригдсан, подвалын хамт найман давхар өндөр, 6.25 м2 газартай “Дорноговь” сайхан зочид буудал нь “Улаанбаатар” банкны 3.2 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд гарах аргагүй болтлоо лав баригджээ. Энэ зочид буудлыг нь Ц.Эрдэнэчулуун хатагтайн үүсгэн байгуулсан “Дорнын гандирс” компани нь барьцаалаад дээрх зээлийг авсан байж. Зээл нь төлөгдөөгүй тул аймгийн ШШГА-нд хураагдаад цаашаагаа “Улаанбаатар” банкны мэдэлд хэзээ мөдгүй очихоор болжээ. Уг нь Ц.Эрдэнэчулуун хатагтай зээлээ төлж дуусгахаар график хуваарь гаргаж өгсөн ч ШШГА зээл, зээлийн хүү графикийн дагуу төлөгдөөгүй гэж үзжээ. Ингээд зочид буудлыг нь хурааж битүүмжлээд бүр “Гандирс” компаний ерөнхий захирлын гадаадад зорчих эрхийг нь хүртэл хаасан байснаа гэр бүлийн хүн нь гадаадад эмчлүүлэх, өөрөө Монголыг төлөөлөн олон улсын хуралд оролцох болсон зэрэг хүндэтгэх шалтгааныг нь харгалзан үзээд нээж өгсөн гэнэ. Энэ мэтээр аль болохоор “зөөлөн хандаж” байхад “Гандирс” компанийхан зээлээ төлөөгүйн дээр барьцаанд тавьсан зочид буудлаа албадан дуудлага худалдаанд оруулахгүй хэмээн элдэв арга саам хэрэглэсэн тул ерөнхий захирал хатагтайн гадаадад зорчих эрхийг нь дахин хаах тухай асуудлыг ахин босгож оруулжээ. Ц.Эрдэнэчулуун хатагтай “Гандирс” компаниасаа гадна Дорноговьд “Дорнын гандирс” гэдэг компани байгуулжээ. Нэрнээс нь харахад л хэнийх вэ гэдэг нь тодорхой мэт. Ингээд “Дорнын гандирс” компаний захирлаараа Ш.Энхбаясгаланг тавьсан гэнэ. Түүний эхнэр нь найман давхар өндөр “Дорноговь” зочид буудлын ерөнхий менежерээр нь ажилладаг аж. “Дорнын говь” компани нь зочид буудал барьцаанд тавиад “Улаанбаатар” банкнаас долларын зээл авсан нь хүүгийн хамт 3.2 тэрбум төгрөгт хүрчээ. Зээл эргэн төлөгдсөнгүй тул барьцааны обьектыг хураах, дуудлага худалдаанд оруулахаар болох үед “Гандирс” компани гэнэт гарч ирэн бидний өмчлөгч эрхийг зөрчлөө хэмээн гомдол гаргажээ. Ерөнхий захирал Ц.Эрдэнэчулуун хатагтай уг зочид буудал нь “Гандирс” компаний өмч бөгөөд “Дорнын гандирс”-д ямар ч хамаагүй гэжээ. Тэрээр “Дорнын гандирс” компаний захирал Ш.Энхбаясгаланд “Улаанбаатар” банкнаас авч байгаа 2.5 сая долларын зээлэнд “Дорноговь” зочид буудлыг барьцаанд тавих эрх олгосон итгэмжлэл л хийж өгсөн болохоос барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах, үнэлэх, бусдад шилжүүлэх эрх олгоогүй гэнэ. Хэдий нэрнээсээ нэг эзэнтэй хоёр компани мэт харагдаж байгаа боловч “Гандирс”, “Дорнын гандирс” нь толгой, охин компани биш хоорондоо ямар ч хамааралгүй гэнэ. Бие биенээсээ хараат бус, бие биенийхээ нэг ширхэг ч хувьцааг эзэмшдэггүй тул хоюулаа тус тусдаа бие даасан хуулийн этгээд болж таарчээ. Иймд “Гандирс” компаний өмчлөлийн зочид буудлыг “Дорнын гандирс”-ийн банкны өрөнд хураан авах нь хууль бус аж. Түүнээс гадна 3.2 тэрбумын зээлийг Ц.Эрдэнэчулуун хатагтай бус харин түүний нөхөр Ц.Шаравдорж авсан болоод явчихжээ./үргэлжлэл бий/
NUUTS.mn