“Мандал женерал даатгал” МОХ-ноос 40 сая төгрөг нэхжээ
Нийтэлсэн: 2015-01-13 02:48:42
Оны өмнөхөн МОХ-ны даргын суудлын төлөөх сонгууль Улаанбаатард бус өөр хотод болсон. Гэсэн ч хаа хол хийсэн ч тэр нь хэрүүл маргаантай хэл амтай болсон нь МОХ гэдэг байгууллага цаанаа нэлээд их мөнгө эргүүлдэгтэй холбоотой бололтой. Тэр их мөнгөнөөс нь “Мандал женерал даатгал” компани л гэхэд 40 сая төгрөг нэхэж сүүлдээ шүүхдэлцээд эхэлжээ. Тус даатгалын компани нь 2013 оны 9-р сарын 26-нд МОХ-той хамтран ажиллах гэрээ байгуулж 2013-2014 оны хичээлийн жилд нийтийн тээврийн хэрэгслээр төлбөртэй зорчих эрх бүхий 113 мянган оюутны амь нас, эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалах даатгалын гэрээ байгуулж. Тохиролцсон нөхцөлийн дагуу гэнэтийн ослын даатгал нь оюуны смарт картаар баталгаажих бөгөөд хураамжийн 1000 төгрөгийг картын үнэнд оруулан тооцсон гэнэ. Энэ мөнгийг МОХ нь “Мандал женерал даатгал”-д төлөх ёстой байсан ч даатгалын хураамжийн мөнгөнөөс одоо болтол 40 сая төгрөгийг өгөхгүй “бусдын хөрөнгийг зориулалтын бусаар” зарцуулж байгаа гэж гомдол гаргажээ. Өмнөх 2012-2013 оны хичээлийн жилд МОХ нь дараа жилийн даатгалын хураамжаасаа суутгуулна гээд урьчилгаа 9 сая төгрөг авсан аж. Ингээд “Мандал женерал даатгал” нь тус хичээлийн жилд даатгалын хураамжийн 11 сая төгрөгөөс 10 хувь буюу 1.1 сая төгрөгийг МОХ-д өгөх байснаас урьдчилгаагаа суутгаад өдгөө 7.9 сая төгрөгийн өр он дамжжээ. 2013-2014 оны хичээлийн жилд МОХ нь үйл ажиллагааны зардалд хураамжийн 20 хувийг авна гэсэнд зөвшөөрч. Үүний дагуу 113 мянган оюутны даатгалын хураамжийн 113 сая төгрөгийг өгөх ёстойгоос 2013 оны 9-р сарын 30-нд МОХ нь 57 саяыг л төлж. Үүнийх нь 20 хувь болох 11.4 саяас өмнөх оны өр болох 7.9 сая төгрөгийг хасаад 3.5 саяыг буцаан МОХ руу шилжүүлжээ. Үлдэгдэл 56 сая төгрөгөө өгөхгүй байсанд албан бичгээр шаардаж байж 2014 оны 4-р сарын 25-нд 16 сая төгрөг авчээ. “Мандал женерал даатгал” компаний “Төрийн банк”-наас авсан лавлагаагаар МОХ нь 2013-2014 оны хичээлийн жилд 113138 ширхэг смарт карт хэвлүүлж авсан гэнэ. Өдгөө 40 сая төгрөг дээр урьд нь олон жил “харилцан ашигтай хамтарч ажиллаж ирсэн” хоёр байгууллага хонь чоно болохдоо дөхөөд байгаа аж.
NUUTS.mn