Зээлээ төлөхийн тулд “ХААН” банкны салбарыг ухах гэсэн хэмээн мэдүүлжээ
Нийтэлсэн: 2015-01-12 08:05:51
Өнгөрсөн жил бүлэг хулгай машин хөлөглөн хоёр сарын хугацаанд Эрдэнэт, Булган аймагт хэд хэдэн дэлгүүр, ломбардын эд барааг хулгайлснаас гадна “ХААН”, “Хадгаламж” банкны салбарыг ухах гэж оролдсон. Хулгайчдын толгойлогч нь Н.Наранбаатар гэгч байсан агаад тэрээр хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлсэн байж. Өрөө төлж чадахгүйдээ тулж өр төлбөрөөс болоод эхнэр нь цагдан хоригдож улмаар хорих ял ч авч магадгүй болжээ: Ингээд арга буюу эхнэрээ шоронд суулгахгүйн тулд өрөө төлөх мөнгө олох гэж цуврал хулгайн хэрэг өдүүлсэнээ мөрдөн байцаалтын шатанд хүлээн зөвшөөрчээ. Тэрээр өмнө нь хоёр удаа ял шийтгүүлж байсан болох нь тогтоогдсон. Н.Наранбаатартай хамт эхнэрийнх нь дүү болох О.Хишигбаатар хамт хулгай хийжээ. Нөгөө нэг хамтрагч Ц.Батмөнх нь бас л Н.Наранбаатарын эхнэртэй арван жилийн нэг ангийнх тул татгалзаж чадаагүй гэнэ. Тэд гурвуулаа бүлэглэн Булган аймгийн Булган суманд “Эрдэнэсийн сан” гэдэг ломбардыг ухаж 1.6 саяын үнэ бүхий гар утас, гэрэл зургийн дижитал аппарат, Орхон аймгийн Сант суманд “Өглөг баян” дэлгүүрийн хаалгыг эвдэн орж архи, монгол гутал зэрэг 5.1 сая төгрөгийн эд бараа хулгайлжээ. Мөн Архангай аймгийн Арвайхээр сумын “Өлзийт” дэлгүүрээс шуба, булган ороолт зэрэг 26 сая төгрөгийн бараа авсан нь хамгийн том хохиролтой хэрэг нь болж. Харин банкны хоёр салбарыг ухах гэсэн нь амжилт олоогүй. Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын “Хадгаламж” банкны салбарын утас, дохиоллын системийг нь тасалж банкны төмөр хаалгыг эвдэн ороход сейфэнд нь 5.5 сая төгрөг бэлнээр байжээ. Тэгвэл Булган аймгийн Дашинчилэн сумын “ХААН” банкинд тэрнээс бүр их буюу 21 сая төгрөгтэй сейф байсан ч авч явж чадаагүй гэнэ. Банкны салбард халдсан дохиолол хотод байдаг “Бамбай” хамгаалалтын албад эхэлж иржээ. Тэр дороо Дашинчилэн сумын “ХААН” банкны салбарын эрхлэгч рүү мэдэгдэхэд тэрээр унтаж байсан нөхрөө босгон банк руугаа гүйлгэж. Нөхрийг нь очиход банкны байшингийн зүүн талын салхивч онгорхой, хамгаалалтын төмрийг нь доороос дээш сөхчихсөн байжээ. Хэсгийн төлөөлөгчийнхөө гэрт нь очоод дагуулан ирж дотогшоо хамт ороход банкны байрны гэрэл ассангүйд шалгахад цахилгааныг нь тасалсан байж. Хэдий тогийг нь тасалсан ч дохиолол нь тэжээл хураадаг тохиргоотой байж. “ХААН” банкныхан дохиолол дуугарсан даруйд очсон бол “Хадгаламж” банкныхан өглөө нь иржээ. Шөнө нь банкны аюулгүй байдлын төв албанаас дуудлага ирж “танай тооцооны төвөөс түгшүүр ирлээ, танай сумын тог тасарсан уу” гэж асуусан байж. Өглөө нь иртэл банкны тогны утас мөн дохиоллын утас нь тасарч доошоо унжсан байдалтай байхад нь сандралдан цагдаа дууджээ. Шалгаж үзэхэд эхлээд тог дохиололыг салгаад гадна талын төмөр хаалганы цоожийг эвдсэн ч хулгайч дотор талын төмөр хаалгыг онгойлгож чадсангүй. Гэхдээ онгойлгох гэж төмрөөр нэлээд хөшиж үзсэн байжээ. Хоёр банк мөнгө алдагдаагүй тул түгшүүр зарлаж түргэн авхуулсан, ажлын хэсэг томилолтоор очиж ажилласны зардал болох 300-400 мянган төгрөгийг нэхэмжилжээ. Бүлгийн толгойлогч Н.Наранбаатар нь нийт зургаан удаагийн хулгайн үйлдлээ хүлээн зөвшөөрчээ. Үүнээс гурван удаагийн үйлдэлд нь О.Хишигбаатар, Ц.Батмөнх нартай явсан бусдыг нь ганцаараа үйлдсэн гэнэ. Тэрээр анхнаасаа л хэргээ үнэн зөвөөр мэдүүлж байсан ч мөрдөн байцаагчид тулгах дарамлах байдлаар хандаж бүр огт холбогдолгүй хүн амины хэрэг хүртэл тохох гэж оролдсон хэмээн шүүх хуралд гомдол гаргаж. Нөгөө хоёрыг нь хүртэл Наранбаатар хүн амины хэрэгтэй, тэр хэрэгт нь холбогдуулна шүү хэмээн айлгасан гэнэ. Эхнэрийнх нь дүү болох О.Хишигбаатар хулгайд хамт явж байгаагаа огт мэдээгүй гэж мэдүүлж. Эгчийгээ өр зээлтэй гэдгийг мэддэг ч хүргэн ах нь өрөө дарахын тулд хулгай хийж байгааг огт гадарлаагүй юм байх. Харин улирлын чанартай ажилтай тул өвөл нь гэртээ суудаг байсан Ц.Батмөнх нь хулгай хийж байгааг мэдэж байж. Төмөр сейф, цаасан хайрцагтай архи зэргийг хулгайлсан гэдгээ Наранбаатар хэлээд “хэрвээ та хоёр айж байгаа бол одоо яв” гэсэн гэнэ. Гэтэл нөгөө хоёр нь машинаас нь буугаагүй аж. Замдаа сейфээ эвдэхэд дотроос нь сая төгрөг бэлнээр гарч иржээ. Дараа нь Наранбаатар эхнэртэйгээ хамт ирээд “их зээлтэй, зээлийн хүүд баригдаад хэцүү байна, эхнэр шоронд орж магадгүй нь, ахдаа ганцхан тусалчих, Дархан луу машин бариад яваад өг, банк ухах гэсэн юм” хэмээн улаан цагаан хэлжээ. Ц.Батмөнх авгайтай нь нэг ангийнх тул ангийн охиноо шоронд явуулалтай биш гээд зөвшөөрчээ. Харин Наранбаатар нь хэрвээ баригдвал хэргээ ганцаараа даана, чамайг хамт явсан гэдгийг хэлэхгүй гэж амласан ч хэлсэндээ хүрсэнгүй. Эхнэр нь түүнийг үе үе 4-5 хоног яваад ирдэг, ирэхдээ мөнгө эд зүйл авчирдаг байсныг мэдүүлсэн гэнэ. Н.Наранбаатар нь гэмт хэрэг үйлдэхдээ дандаа мөнгөлөг өнгийн “Вингорд” машинаараа явж байсан нь гярхай хөдөөнийхөнд амархан нүдлэгдэж цагдаа нар унаагаар нь хөөсөөр барьж авчээ.
NUUTS.mn