“Залуус-21” алкохолгүй төвд 124 сая төгрөгийн тоног төхөөрөмж шахсан байжээ
Нийтэлсэн: 2015-01-12 07:48:09
Шинэчлэлийн Засгийн газрын үед “шинэчлэлийн” болон “бүтээн байгуулалтын” төсөл арга хэмжээнүүд ямар бодлого хөтөлбөргүй, уялдаа холбоогүйн дээр үр дүн муутай зарцуулагдаж байсны олон жишээг тусгай сангийн гэх үйл ажиллагаанаас харж болох нь. Одоогийн хуулиар нийт зургаан тусгай сан байдгийг үйл ажиллагааны чиглэлээр нь ЭМЯ. СЯ, ХАХНХЯ, ХЗЯ, ГХЯ хариуцан эрхэлдэг. Нийгмийн даатгалын, Хүний хөгжил, Хөдөлмөр эрхлэлт, Эрүүл мэндийг дэмжих, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн болон архидан согтуурах тэмцэх гээд улсын төсвөөс санхүүждэг зургаан сан байдаг. Үүнээс олон нийт Нийгмийн даатгалын, Хүний хөгжил болон Архидан согтуурахтай тэмцэх сангийн нэрийг л мэддэг гэнэ. Засгийн газрын ямар ямар сан байдгийг ард иргэд бараг мэддэггүй шахам байдаг нь тэдгээрийн үйл ажиллагаа нь олон нийтэд төдийлөн хүрээгүйн шинж гэхэд болно. Мөн сангийн удирдлага зохион байгуулалт, шийдвэр гаргах үйл явц, сангийн хөрөнгийн захиран зарцуулалт зэрэг нь нэлээд нууцлаг далд явагдаж ирсэнтэй холбоотой юм. Архидан согтуурахтай тэмцэх сан гэж байдгийг олон нийт мэднэ. Энэ сан ХЗЯ-нд харьяалагдаж төсөв хөрөнгө нь сайдынх нь багцад суудаг. Сангийн үйл ажиллагааны нэлээд том хэсэг нь архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажил байдаг аж. Гэхдээ энэ зорилгоор маш их хэмжээний тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж худалдан авсан гэнэ. ШШГЕГ-тай хамтран хэрэгжүүлсэн “Архинаас хамааралтай этгээдийн зан үйлд нөлөөлөх сэтгэлзүйн үйлчилгээний хөтөлбөр боловсруулах” төсөл гэгчээр 82 сая төгрөгийн тавилга эд хогшил худалдан авчээ. Мөн Замын цагдаагийн газартай “Архидан согтуурахтай тэмцэх ажлын хүрээнд сургалт сурталчилгаа явуулах” хэмээн гэрээ байгуулаад 52.6 сая төгрөгийн багаж хэрэгсэл худалдан авчээ. Энэ мэт үйл ажиллагааны зорилго нь жинхэнэ зорилтот бүлэг болох архинаас хамааралтай иргэддээ ажил нь хүрдэггүй харин төрийн байгууллага баахан эд хогшил багаж хэрэгсэлтэй болоод авдаг бололтой. Эрүүл мэндийн санг орон тооны бус 11 хүний бүрэлдэхүүнтэй Сангийн зөвлөл удирддаг агаад өдөр тутмын үйл ажиллагааг нь ажлын алба нь эрхлэн явуулдаг гэнэ. Энэ сангаас бүр сайдын тушаал гаргуулан байж залуу үеийг архи тамхины хамааралд өртүүлэхгүй байх, урьдчилан сэргийлэх, эрүүл зөв амьдралын хэвшилд сургах корилгоор “Залуус-21” алкохолгүй диско төвийг байгуулсан. Энэ төвийг байгуулахын тулд ЭМС-ийн хөрөнгөөр 145 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж эд хогшил худалдан авч уг диско төвийг иж бүрэн тохижуулжээ. Гэсэн ч энэ мундаг төсөл нь зорилгодоо хүрсэнгүй тун удалгүйхэн хаагдсан. Өдгөө тэр их үнэтэй тоног төхөөрөмж хаачсан нь тодорхойгүй болж.
NUUTS.mn