Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооныхон “хүн муутай”
Цагтаа нийслэлийн хамгийн том, олон хүнтэй дүүрэг болох Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, дүүргийн МАН-ын хорооны дарга хийж явсан Ц.Болд албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн урвуугаар ашигласан хэргээр саяхан гурван жилийн хорих ял авчээ. Энэ нь эрхэм даргын хувьд анхны шийтгэл нь бус юм. Тэрээр 2013 онд мөн л албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр төрийн удирдах албан тушаал эрхлэх эрхээ нэг жилээр хасуулж, хоёр жилийн тэнсэн аваад байсан. Харин энэ удаад хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн хууль бус захирамж гаргаж “Төгс зам”, “Бат кубик” гэсэн хоёр компанид Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Жаргалант тосгоны орчмоос түгээмэл тархацтай ашигт малтмал болох уулын дайргыг ашиглах зөвшөөрөл олгосны улмаас улсад онц их хэмжээний буюу 78 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт унажээ. Энэ хэргийн албан ёсны хохирогч нь нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар бөгөөд Засаг даргад дайрга ашиглах зөвшөөрөл хуулиар олгогдоогүй байхад эрх мэдлээ хэтрүүлж өгсөн үүний улмаас байгаль орчинд 42 сая төгрөгийн хохирол учирч, нөхөн сэргээхэд 36 сая төгрөгийн зардал гарна гэсэн тооцоо гаргаж иржээ. Уг нь Ашигт малтмалын хуулиар дайрга нь түгээмэл тархацтай ашигт малтмалд ордог ч бүх шатны Засаг даргад хайх, ашиглах, олборлох зөвшөөрөл олгогдоогүй гэнэ. Харин экс дарга Ц.Болд эрхтэй гэж биеэ хамгаалсан төдийгүй улсад зам тавьж өгсөнийхөө төлөө эрүүгийн хариуцлагад татагдлаа хэмээн уйлж унжих шахаж. Хэрэг явдал 2012 сонгуулийн өмнөхөн эхэлжээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва оны эхээр Жаргалант тосгоны иргэдтэй уулзахдаа өөрөө биечлэн хөөцөлдөж байж Германы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 17 км хатуу хучилттай замаар хоттой холбох боллоо гэсэн “баярт мэдээг” дуулгаж. Засаг дарга Ц.Болд уг уулзалтанд сууж байсан гэнэ. 3-р сарын эхээр хотын автозамын талаар болсон том хурал дээр Жаргалант тосгон луу зам тавихаар болсон гэдгийг албан ёсоор зарлажээ. Удалгүй замын тендерт шалгарсан хоёр компани болох “Төгс зам”, “Бат кубик”-ын захирлууд зөвлөх энэтхэг компаний удирдлагатай ирэн ойролцоох газраас дайрга олборлох зөвшөөрөл өгөхийг хүсжээ. Засаг дарга Газрын албатайгаа ярьж байгаад Жаргалант тосгоноос Саалийн ам гэдэг газар зааж өгчээ. Хэрвээ “Төгс зам”, “Баткубик” компанийхан тухайн үед нийслэлийн БОНХГ-тай учир зүйгээ олоод дайрга ашигласны төлбөрөө төлдөггүй юмаа гэхэд сэтэлсэн уулаа булаад нөхөн сэргээлт маягийн юм хийсэн бол зөвшөөрөл өгсөн Засаг дарга Ц.Болд гурван жилийн, хоёр захирал нь хоёр жилийн хорих ял авахгүй байжээ. Хоёр компаний захирал эхлээд тоохгүй явсанаа эрүү үүсэнгүүт нөхөн сэргээлтийн зардал болох 36 сая төгрөгийг бушуухан төлж. Ц.Болдод эрх мэдлээ хэтрүүлсэн хэмээн удирдах албан тушаал эрхлэхийг нэг жилээр хасаж гурван жилийн хорих ял оногдуулсан бол “Төгс зам” компаний захирал Д.Төгсбаяр, “Бат кубик” компаний захирал Д.Батбаяр нарыг тус бүрээс нь 200 мянган төгрөгний эд хөрөнгө хурааж хоёр жил хорих ялаар шийтгэжээ. Дүүргийн Засаг дарга, намын хорооны дарга явсан хүн дээлээ нөмөрч байгааг дуулгасан ч хүн муутай Ардын намынхан тоосонгүй агаад Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооноос алга ташсан хүн ч гарсан сурагтай.
NUUTS.mn