МУИС-ын сургалтын албаны менежерт МАХН-ын үүрийн дарга лам хүн хээл хахууль зуучилжээ-1
Нийтэлсэн: 2014-12-26 03:40:33
Монголын түүхэнд гараагүй олон холбогдогчтой хээл хахуулын хэргийг саяхан шийдвэрлэжээ. МУИС-ын харьяа Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн Сургалтын албаны дарга асан Б.Жавхлантөгсөд 52 оюутнаас унасан хичээлийн дүнг засуулах, голч оноог ахиулна хэмээн урьдчилан амлаж нийтдээ 26.8 сая төгрөгийн хээл хахууль авсан ял тулгасан. Сонирхолтой нь энэ хэргийн нэг зуучлагч нь буддын гүн ухаанч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедаа МАХН-ын үүрийн дарга байсан Н.Нармандах гэдэг лам байсныг мөрдөн байцаалтаар тогтоожээ. 54 холбогдогчтой энэ хэргийн шүүх хуралдаанд 200 гаруй хүн ирж суусан гэнэ. Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль нь 2011 онд МУИС-ийн харьяанд шилжин иржээ. 3-р курсын оюутан Г.Гүнчин-Иш хичээлээс гадуур компанид ажиллаж байсан тул хичээл сургууль нь хийдэн улмаар хэд хэдэн хичээлд муу дүн авчээ. Тэрээр анх сургуульд орохдоо дүнг яаж ийгээд засаж болдогийг сонссон тул азаар ахынх нь найз байж таарсан Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн Сургалтын албаны дарга Б.Жавхлантөгсөд хандан унасан хичээлийн дүнг засаж өгөөч хэмээн гуйхад цаадах нь болох байх гэсэн гэнэ. Хэд хоногийн дараа шалгахад дүн нь засагдсан байж. Баярласан оюутан цаашаа найз нартаа энэ тухайгаа ам алдсан нь МУИС-ийг донсолгосон том хээл хахуулийн хэргийн эхлэлийг тавьж. Уг нь МУИС-ийн дотоод журам ёсоор шалгалтанд унасан бол кредит цагийн төлбөрөө нэмж төлөөд дахин хичээлээ үзэн шалгалт өгдөг. Хэрвээ өмнөх шалгалтын өртэй бол улсын шалгалтанд оруулдаггүй журамтай. Харин ингэж зовж байснаас тэртэй тэргүй кредит цагт төлөх мөнгөө шууд л дүн засаж чаддаг хүнд нь өгөөд янзлуулчихсан нь оюутнуудад хамаагүй амар байжээ. Дүнгээ засуулах гэсэн оюутнууд олноороо арч ирсэн тул Гүнчин-Иш Сургалтын албаны дарга Б.Жавхлантөгсөд хандахад цаадах нь үгүй гэсэнгүй. Тэрээр нийтдээ 18 оюутнаас мөнгийг нь аван хоёр хувааж өгчээ. Гэсэн ч заримынх нь дүнг засаж чадаагүй тул асуудал үүсэж. Дүн нь засагдаагүй оюутнууд Гүн-Ишээс мөнгөө нэхэхэд тэрээр арга буюу болсон явдлыг ээждээ хэлжээ. Ээж нь хүүгээ дагуулан Сургалтын албаны дарга Б.Жавхлантөгстэй уулзахад тэрээр Гүнчин-Ишээр дамжуулан оюутнуудаас мөнгө авч шалгалтын дүнг нь засаж байснаа хүлээж. Түүнээс гадна бас нэгэн зуучлагч байсан нь Сургалтын албаны дарга Б.Жавхлантөгсийн аавынх нь лам гэгдэх Н.Нармандах байжээ. Тэрээр Шашны дээд сургууль төгссөн агаад оюутнууд түүнийг Мандаа ах гэж дууддаг байсан гэнэ. Ламбугай өөрийгөө сурталчилан Сургалтын албаны дарга Б.Жавхлантөгсийг би сайн танина, дүнгээ засуулах оюутнууд байна уу хэмээн М.Мөнхбадрахад хандаж. Харин Мөнхбадрах нийт 17 оюутнаас 11 сая төгрөг авч Мандаа ахдаа өгчээ. Гэхдээ дундаас нь 100-120 төгрөгний суутгал хийсэн гэнэ. Ер нь зуучлагч нар дүн засаж өгнө хэмээн нэг оюутнаас дунджаар 300-620 мянган төгрөг авч байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдож. Голч дүнгээ засуулах бол доод тал нь 600 мянгыг нэхэж байж. Харин ламтан мөрдөн байцаалтанд Мөнхбадрах та Сургалтын албаны дарга Б.Жавхлантөгсийг сайн таньдаг тул хэдэн оюутны дүнг засаад өгөөч, мөнгө төгрөгийг нь өгнө хэмээн өөрөө надаас эхэлж гуйсан хэмээн эргүүлж бухжээ. Сургалтын албаны дарга Б.Жавхлантөгс хэдий насаар ах ч гэсэн аавынхаа ламыг “та” гэж хүндэтгэдэг байж. Заяа буянг нь даасан ламбугай нь гуйж байад татгалзаж чадалгүй “олон оюутны дүнг чадахгүй шүү, мөнгийг та өөрөө мэдээд өгөөрэй” гэсэн гэнэ. Ингээд зуучлагч ламтан хэдий “нүгэл” үйлдэж байгаагаа ухаж ойлгож байсан ч өөр хэсэг хүмүүсд буян үйлдэж байна гээд Гарьд, Орхон гэдэг хоёр оюутны дүнг засуулахаар нэг сая төгрөг өгчээ. Энэ мэтээр цаашаа гинжин хэлхээгээр мөнгөөр дүн засуулах ажиллагаа хөвөрч өгсөн гэнэ. Ийнхүү нэг зуучлагч доод тал нь 20 “үйлчлүүлэгчтэй” байсан нь хэтэрхий олон оюутныг хамран энэ нь хэрэг задрах нэг нөхцөл болж. Сургалтын албаны даргаа оюутны дүн засаад байна гэдгийг албаны менежер нь эхлээд сэжиглэж./үргэлжлэл бий/