ИНЕГ-ын Газрын үйлчилгээний албаны дарга Ч.Батхуяг ажлын байрны тодорхойлолт засжээ
Нийтэлсэн: 2014-12-23 01:56:07
Даргыг нь хичнээн солиод ч ажил нь сайжирдаггүй, эмх цэгцэндээ ордоггүй нэгэн газар байгаа нь ИНЕГ юм. Ер нь иргэний нисэхийнхэн бүх буруугаа өмнөх дарга нар луугаа чихэх дуртай улс. Ямар нэгэн юм болбол муу бол захын хар овоохой гэгчээр “шар мангас” эсвэл одоо моодонд ороод байгаагаар нь С.Буяндалай нар лүү чихдэг. Сүүлдээ хаа хамаагүй УИХ-ын бие даагч гишүүд рүү бухах болсон. Гэтэл ИНЕГ-д хурган дарга хууль дүрмийг хамгийн их зөрчиж байдаг хүмүүс байдаг. Газрын үйлчилгээний алба, Нөхөн сэргээх сувилал зэргийг энд урдаж болно. ИНЕГ-ын Гзарын үйлчилгээний дарга Ч.Батхуяг нь ажлын байрны тодорхойлолтыг өөрийн талын хүндээ тааруулан засдаг болохыг халагдсан хүмүүс нь шүүх хуралдаан дээр гэрчилсэн хэрэг саяхан гарчээ. Д.Дашдорж нь тус газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар 2013 оны 4-р сар хүртэл ажиллаж байгаад халагдаж шүүхийн шийдвэрээр хоёр сарын дараа ажилдаа эргүүлэн тогтоогджээ. Гэсэн ч Газрын үйлчилгээний албаны удирдлага ажилд нь эргүүлэн авахгүй байсаар 12-р сарын 6-нд арай гэж авсан боловч ердөө гуравхан хоногийн дараа халж төрийн албаар тоглоом хийжээ. Албаны дарга Ч.Батхуяг ажлаас халсан үндэслэлээ АТГ-аас ашиг сонирхолын зөрчилтэй гэсэн бичиг ирсэн хэмээн тайлбарласан гэнэ. Д.Дашдорж нь Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны шаардлагыг хангаж байсан боловч ганцхан “туршлага” гэсэн хэсэгт нь унажээ. Гэтэл уг шалгуур нь өөрчлөгдсөн байсан гэнэ. Урьд нь энэ хэсэгт “иргэний нисэхийн салбарт гурваас доошгүй жил ажилласан байх” гэж байсныг таваас доошгүй болгон өөрчилсөн байжээ. Албан ёсоор ийм өөрчлөлт ороогүй бөгөөд хэрвээ оруулахаар бол тухайн ажлын байранд шинжилгээ үнэлгээ хийдэг журамтай аж. Гэсэн ч ийнхүү дур мэдэн өөрчилсөн агаад өөрчилсөн хүн нь Газрын үйлчилгээний албаны дарга Ч.Батхуяг байсан гэдгийг гэрч нар гэрчилжээ. Ажлын байрны тодорхойлолтын ерөнхий хэсгийн “туршлага” гэсэн хэсэгт гурвыг тав болгосноороо Ч.Батхуяг дарга өөрийн шинээр томилсон Г.Энхчулуундаа ашигтай нөхцөл байдал үүсгэсэн гэнэ. Таван жил гэсэн нь Д.Дашдорж унаж харин Захиргаа удирдлагын хэлтсийн шинэ дарга ажлын байрны тодорхойлолтонд тэнцэж байгаа аж. Газрын үйлчилгээний албаны дарга Ч.Батхуяг ийнхүү ажлын байрны тодорхойлолтыг дун мэдэн зассаныг ИНЕГ-ын Захиргаа хүний нөөцийн дарга Т.Батжаргал шүүх хуралд гэрчээр оролцон баталжээ. Энэ бүх явдал ИНЕГ-д дарга удирдлага нь шат шатандаа төрийн албаны дүрэм журмыг өөртөө буюу өөрийн бүлэглэлдээ ашигтайгаар дур мэдэн өөрчилдөг дураараа авирлах явдал газар авсаныг харуулсан.
NUUTS.mn