Яамдын дарга нар лам бөөгөөр явж байна
“Шийдлийн” Засгийн газарт орсон МАН-ынхан уур хилэнгээ өөрийн болгож авсан яам, агентлагийн дарга нарт гаргах бололтой. Энэ нь жижүүрээс нь эхлээд газрын даргыг нь хүртэл хуугаар нь үг дуугай хална гэсэн үг юм. МАН-аас ирсэн сайд нар тун эвгүй ааш гаргаж мэдэхийг БХБ-ын сайд Д.Цогтбаатар харуулсан. Түүнийг ТНБД нь хадаг яндар болж яамныхаа үүдэнд угтсан ч зөөлрөөгүй бололтой. Ганц БХБЯ гэлтгүй Ардын намын сайд очсон яам бүхэнд толгой дараалсан цэвэрлэгээ явагдах нь нэгэнт ойлгомжтой болж. Харин АН-ынхан өөрсдийн хүмүүсээ “мохоо хутгаар” хусах биз. Ийнхүү хэзээ мөдгүй халагдах айдас нь яамны газар, хэлтсийн дарга нарын нойрыг хулжааж лам бөөгөөс эхлээд яваагүй газаргүй болж байгаа сурагтай. Хөөрхий дарга нар урьдын ихэмсэг төрхөө бүрэн гээж сайн лам асууж сураглан царайчлах бүр нэг бөө дээр халз тулгарах зэргээр хөгжилтэй явдал их болж байгаа гэнэ.
NUUTS.mn