“Мон-Атом” компаниас нууц баримттай зөөврийн компьютер алдагдсан хэрэг -1
Нийтэлсэн: 2014-12-19 04:31:54
Өнгөрсөн хавар төрийн өмчит “Мон-Атом” компаний ТУЗ хуралдан гүйцэтгэх захирал Ж.Билэгсайханаа халах шийдвэр гарган ТӨХ-нд асуудлыг оруулаад халсан. Эрхэм гүйцэтгэх захирал БНЧех улсын “Ураниум Индастри” компанитай цацраг идэвхит ашигт малтмалын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулахдаа ТУЗ-дээ танилцуулж зөвшөөрөл аваагүйн дээр ҮАБЗ, ЦЭГ, салбарын яамандаа ч мэдэгдээгүй гэнэ. Үүнээс гадна бас нэг ноцтой зүйл байгаа нь гадаадын компаниас хоёр сая доллар аваад зарцуулсан нь илэрчээ. Энэ нь дэндүү том толгой гаргасан хэрэг болж. Гүйцэтгэх захирал нь ТУЗ-ийнхээ толгой дээгүүр гишгэн гадны компанитай гэрээ байгуулсан төдийгүй үүнийгээ харьяалах агентлагдаа ч мэдэгдээгүй аж. Ураны хор хөнөөлийн тухай дээр дооргүй ярьж байхад уран ашиглах ажлыг гардан хэрэгжүүлдэг төрийн өмчит компаний захирал нь хяналтаас бүрэн гарсан байж. Өдгөө “Мон-Атом” нь гадны компаний барьцаанд ч орсон байхыг үгүйсгэх аргагүй. Хоёр сая доллароо зүгээр өгөөд явуулдаг ураны компани гэж үгүй биз. Гүйцэтгэх захирлыг ийнхүү дураараа дургиж байхад дэд захирал Л.Ганбаатар нь ч бас “хөөрхөн эрхлээд” авчээ. Эхлээд тэрээр гүйцэтгэх захиралтайгаа эвтэй найртай байж. Нэлээд хугацаагаар өвчтэй байсан дэд захиралдаа хоёр сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгөхөөр гүйцэтгэх захирал нь амлаж. Түүнээс гадна дэд захирлыг Засгийн газрын автобаазаас машинаар хангадаг байсан агаад явах км, хэрэглэх шатахууныг нь тогтоож өгсөн байжээ. Харин дэд захирал энэ хооронд хөдөө орон нутагт явах зардлыг нь 1.3 сая төгрөгөөр хэтрүүлээд амжиж. Энэ мэт үйлдэл нь ТУЗ-д нь таалагдахгүй байсан тул халагдах сануулга авсан гүйцэтгэх захиралдаа дэд захирлаа халах үүрэг өгөн “хүний гараар могой” бариулсан сурагтай. Ийнхүү гүйцэтгэх захирал өөрөө халагдахаасаа өмнө дэд захирлаа халахаас өөр аргагүй болж тушаал гаргасан нь “Мон-Атом”-д бөөн шуугиан дэгдээжээ. ТУЗ болон гүйцэтгэх захиралдаа ихэд гомдсон дэд захирал Д.Ганбаатар нь ажлаас халагдангуутаа хэрэглэж байсан нотебуукаа аваад явсан нь ТУЗ болон шинэ удирдлагыг нь ихэд сандаргажээ. Уг нотебуук нь албаных агаад байгууллагын чухал нууцад орох хувьцаа эзэмшигчдийн гэрээний шинэ төсөл, түүнтэй холбоотой бүхий л мэдээлэл хадгалагдаж байсан гэнэ. Тэгээд ч дэд захирал нь ажил үүргийн хувьд гадаад, дотоодын ураны компаниудтай харилцах асуудлыг хариуцдаг байсан тул их хэмжээний мэдээлэлтэй байсан нь ойлгомжтой. “Хувьцаа эзэмшигчдийн гэрээний төсөл” гэдэг нь гадаадын ураны компаниудтай хамтран компани байгуулах гэрээ хэлэлцээрийн тухай бололтой. Дараа нь дэд захирал “алдаагаа ухамсарлан” албаны нотебуукыг буцаан өгсөн ч дотор нь байсан мэдэээлэл алдагдаагүй, бусдад ашиглагдаагүй гэх ямар ч баталгаа байхгүй нь мэдээж юм.
NUUTS.mn