“Монгол газар” компаний захирал Ц.Мянганбаярын алтны овоолгоос Уянга сумын дарга нар хувь хэмээн 57 сая төгрөг авчээ-1
Нийтэлсэн: 2014-12-17 02:39:42
Саяхан “Монгол газар” компаний захирал Ц.Мянганбаярт тусгай хамгаалттай газарт ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг гардан зохион байгуулж улсад 183 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгагдан 19 сая төгрөгийн торгох ялаар шийтгэгдсэн. Зарим хүмүүс үүнийг хэтэрхий бага ял оногдууллаа хэмээн шүүмжилсэн. Мөрдөн байцаалт болон шүүхийн үйл ажиллагааны явцад “Монгол газар” компаний захирал Ц.Мянганбаяр нь эрүүгийн хэрэг үүсэнгүүт 56 сая, шүүхийн шатанд 138 сая нийтдээ 195 сая төгрөгийг төлж барагдуулсан гэнэ. Харин хохирогч гэгдэх Уянга сумынхан энэ мөнгөөр нөхөн сэргээлт бүрэн хийж болно хэмээн баталж. Түүнээс гадна Ц.Мянганбаярыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлэээсээ гэмшсэн болон хувь хүний төрөлхийн төлөв томоотой зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан хорих ял оноолгүй торгоод өнгөржээ. Тэгээд ч “Монгол газар” компани бус харин охин нь болох “Баярссгоулд” уг хэргийг “үйлдсэн” нь тогтоогдсон. 2007 онд Төв аймгийн Уянга сумын нутагт Бөөрөлжүүт гэдэг газарт “Баярсгоулд” нь 1.4 тэрбум өртгөөр алтны хайгуулын маш том ажил хийсэн гэнэ. Хайгуулаар 530 кг алтны нөөц олж. Улмаар зохих журмын дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл аван олборлолтоо эхлэх гэтэл Уянга сумын ИТХ нь уг газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тогтоол гаргасан тул алттай газар нь үндсэндээ хураагдаж. Сумын ИТХ-ын тогтоолыг үндэслэн АМГ нь Ц.Мянганбаяр захиралын олборлолтын тусгай зөвшөөрлийн хүчингүй болгоно хэмээн дарамталж эхэлсэн гэнэ. Ингээд бараг дөрвөн жил үйл ажиллагаа явуулаагүй, алт ухаагүй хэмээн эрхэм захирал мэдүүлжээ. Алт олборлоогүй атал гэнэтхэн овоолго буюу алттай эфел хаанаас гараад ирсэнийг харин тэрээр тайлбарлалгүй бултсаар энэ хэргийг дуусгажээ. Тэрхүү овоолго нь алт угаасан шороо агаад дахин 2-3 удаа угаахад ч алт гардаг аж. “Монгол газар” компанийхан олборлолт явуулаагүй гэж гүрийсэн бөөн овоолготой болсон, байгаль орчны унаган төрхийг эвдсэн зэрэг нь нүдэнд ил тул булзах аргагүй болсон. Гэхдээ энэ хэргийг Ц.Мянганбаяр сурсан аргаараа өөртөө хожоотой шийдэх гэж. Энэ нь овоолгыг угаах эрхийг өгөх үндсэн дээр байгаль орчны нөхөн сэргээлтийг нь давхар хариуцах үүрэгтэйгээр гуравдагч компанийг оруулах арга юм. Ингэснээр “Монгол газар” мэтийн том компаниуд нөхөн сэргээлт гэсэн яршигтай бас зардал ихтэй ажлаас цэвэрхэн мултарчихдаг байсан. Бөөрөлжүүтэд нийтдээ дөрвөн компани овоолго угаахаар орж иржээ. Тэд нар л өөрсдөө манай талбай руу орсон, зарим нэг нь бүр биднээс зөвшөөрөл авалгүй дайраад ороод ирсэн хэмээн Ц.Мянганбаяр захирал мөрдөн байцалтанд бухсан гэнэ. Алттай шороогоо зүгээр “хаячихдаг” компани бас байдаг бололтой. Хүнд байдалд орсон “Монгол газар” арга буюу тэдгээр компанитай нөхөн сэргээлийн гарээ байгуулжээ. Дайрч орсон дөрвөн компани Ц.Мянганбаярын овоолгыг дахин угаагаад гарсан ашгаараа Бөөрөлжүүтийн нөхөн сэтгэлийг хийж унаган төрхөнд нь оруулах үүрэг хүлээсэн гэрээ байгуулсан гэнэ. Гэтэл тэдгээр дөрвөн компани бас л сэргэлэнтэж цаанаа өөр олон компанитай овоолго угаах давхар тохироотой байсныг “Монгол газар” компанийхан сүүлд нь мэджээ. Үүнээс болж манай компани давхар хохирол хүлээсэн хэмээн Ц.Мянганбаяр захирал гомдолложээ. Хайгуулын зардал болох 1.4 тэрбумаар шатсан дээрээ нөхөн сэргээлт хийлгүй бултсан нөхдийн төлбөрийг над дээр тохлоо хэмээн бухимдаж. Орон нутгийн удирдлага болон БОНХЯ-ыхан нийтдээ 378 сая төгрөгөөр Бөөрөлжүүтийн нөхөн сэргээлтийг хийнэ гэсэн тооцоо гаргаж. Энэ шийдвэрийг “Монгол газар” компанийхан мэдээж хүлээн зөвшөөрсөнгүй. Тэдний тооцоогоор 195 сая төгрөг л хангалттай агаад энэ мөнгийг Ц.Мянганбаяр захирал мөрдөн байцаалтын шатанд төлөөд хэргээ хөнгөрүүлж чаджээ.
NUUTS.mn