ЗУРААЧ С.ЗАЯАСАЙХАНЫ БҮТЭЭЛИЙГ “GOOGLE”-Д АЖИЛЛАДАГ ЗАЛУУ ӨНДӨР ҮНЭЭР АВЧЭЭ
Нийтэлсэн: 2014-12-15 10:01:01
Бурхан өөрийнхөө хамгийн хайртай хүнд зурах авъяас, гарын дүй өгдөг гэж монголчууд ярьдаг. Тиймдээ ч дархан хүн бурхан ухаантай гэдэг биз. Хүн болгон найранд гурван дуутай, дуу шүлэг эвлэгхэн уншдаг ч зураг зурдаг зураач, зургийг ойлгодог хүн ховор. Дэлхийн нэртэй тэрбумтнууд ухаантнууд зурагт үнэ хайрладаггүй, хүн төрөлхтөн “Мона Лиза”-г 500 шахам жил элгэндээ наах нь холгүй хайрлаж энэ цаг үед авчирсан, одоо ч хүн төрөлхтөн тэр зургийг үзэхээр хошуурдаг. “Мона Лиза”-г зураач бүр өөрийнхөөрөө зурсан. Одоо дэлхийн улс үндэстний зураач болгон зурсан “Мона Лиза”-гаас шилдэг зурсан 100 зургийг шалгаруулж, ном болгон хэвлүүлэхээр болсон. Энэ дэлхийн 100 шилдэг бүтээлийн нэгд Монголын зураач Самбуугийн Заяасайханы зурсан Монгол Мона Лиза багтсан. Самбуугийн Заяасайхан зураачийн талаар монголчууд одооноос мэдэж байгаа. Товчхон хэлбэл дэлхийд Монголын нэрийг гаргаж яваа зураач. Саяхан Токио хотын Гинзад, тодруулбал “Fukasaku” галерейд үзэсгэлэнгээ гаргасан. “Гинза дүүрэгт Монгол хүн үзэсгэлэн гаргана гэдэг нэр төрийн хэрэг. Токиогийн хамгийн үнэтэй, ганган газар хаана вэ гэвэл ихэнх хүмүүс эргэлзээгүй Гинза гэж хариулна. 1612 онд Токүгава Иеясү жанжин улсын мөнгө цутгах урланг Эдо буюу өнөөгийн Токиод шилжүүснээр Гинзагийн түүх эхэлнэ. “Гин” гэдэг нь “мөнгө”, “за” гэдэг нь “зоос цутгах газар” гэсэн утгатай. 1800 он хүртэл хоёр зуугаад орчим жилийн турш Гинзад мөнгөн зоос цутгаж байсан тул энэ дүүргийг бий болоход мөнгө нөлөөлж, эдүгээ ч японы хамгийн үнэтэй худалдааны төвийн хувьд Гинзаг мөнгө тодорхойлно гэж болно.
Юуны түрүүнд Гинза газрын үнээр дэлхийд тэргүүлнэ. Японы эдийн засаг эрчимтэй хөгжиж Америкийг хүртэл айлган чичрүүлж байсан 80-аад онд Гинзагийн газрын үнэ хэд хүрч буй тухай мэдээ өдөр бүр зурагтаар гарч олныг шуугиулдаг байв. Тэр үед үнэт эдлэлийн Тасаки компани Гинза дотроо хамгийн үнэтэйд тооцогдох 4-р хороонд дэлгүүрийн газар худалдаж авахдаа 1 хавтгай дөрвөлжин метрийн төлөө сая гаруй доллар төлсөн нь тухайн үедээ рекорд болж байлаа. 2012 оны татварын албаны тайланд 4-р хорооны 1м2 газрыг 27 сая иенээр үнэлсэн тул Токио хотдоо Гинза дүүрэг газрын үнээр толгой цохисон хэвээр. Гагцхүү худалдан авахад хүрвэл Гинзагийн газар тайланд бичсэн үнээс хоёр, гурав дахин өлхөн өснө гэдэг бичигдээгүй хууль бас байдаг. Тиймээс татварын албаны үнийг баримжаа төдий л гэж ойлгох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, Гинзад газар эзэмшинэ гэдэг ямагт нэр төрийн хэрэг, зэрэг зиндааны асуудал байсан. Мөн нэг алдвал ахин хэзээ ч эргүүлж авч чадахгүй гэдэг айдсаас үүдэн эндэхийн эзэмшил газраа зарах хувь хүн, пүүс компани ч бараг байхгүй. Тиймээс Гинзагийн газрын үнэ жинхэнээсээ хэд хүрэхийг ч хэлэхэд хэцүү аж”.
Ийм л нэр хүндтэй газар нээсэн энэхүү үзэсгэлэнг Японы сумогийн 69, 70 дахь их аварга Хакухо, Харумафүжи хоёр хүрэлцэн ирж сонирхсон гэхээр хичнээн “өндөр, дээд хэмжээний” болсон нь тодорхой. Уг үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монголын Япон дахь элчин сайдын бие төлөөлөгч нээж үг хэлжээ. Таван өдөр нийт 700 гаруй хүн ирж үзжээ. Харумафүжигийн ээж Мягмарсүрэн, гэргий Баттуул хоёр гэхэд хоёр удаа ирж үзсэн байна лээ. Мөн Японы ерөнхий сайд Ш.Абегийн туслах ирснээс гадна, Япон дахь Болгарын элчин сайд ирж үзжээ. Тэрчлэн гадаадад ажиллаж амьдардаг, ажил үйлс нь өөдрөг яваа олон хүмүүс ирж үзсний нэг нь “Google”-д ажилладаг Монгол залуу ирж үзсэн байна. Үзэж сонирхохоор барахгүй зураач С.Заяасайханы бүтээлээс худалдаж авчээ. Ер нь үзэсгэлэнгийн үеэр бараг бүх зураг нь зарагджээ. Ихэнх зургийг нь монголчууд авч, гэхдээ япончууд ч цөөнгүй зураг авсан гэнэ. Монголчууд нэгийгээ дэмжээд, алдартай зураачийн олон сайхан бүтээл гадагшаа гарахад харам байж, Монголдоо авч үлдье гэсэн сэтгэлээр хандсан байх. Монголд эдийн засгийн хямрал нүүрлэлээ, амьдрал хүнд байна гэж байгаа ч нэгийнхээ уран бүтээлийг дэмжиж, тамын тогооны үлгэр шиг байхаа больж, сайн яваа нэгийгээ дэмжихдээ сүрхий болжээ.
NUUTS.mn