“Миний дэлгүүр”-ийн ажилтнууд архи хулгайллаа хэмээн хүний аминд хүрчээ
Нийтэлсэн: 2014-12-11 07:31:29
0.75 гр-ын “Хараа” архи хулгайлах гэлээ хэмээн халамцуу явсан иргэнийг “Миний дэлгүүр”-ийн зохион байгуулагч, хамгаалагч хоёр нийлж зодон амь насанд нь хүрсэн хэргийг шүүх шийдвэрлэжээ. Энэ хэрэг Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах “Миний дэлгүүр” супер маркетэд гарч. Тус дэлгүүрийн зохион байгуулагч З.Энхмөнх, хамгаалагч С.Барсбаатар нар нь иргэн Э.О-г архи хулгайллаа хэмээн ялихгүй зүйлээр шалтаглан зодсоноос тархиндаа битүү гэмтэл авч нас баржээ. Хэдийгээр хохирогч архи хулгайлсан ч үүнийх төлөө аминд хүрнэ гэхээр ямаршуу зэрлэг хүмүүс байсан нь ойлгомэтой. Тэгээд ч хамт явсан хүн нь кассан дээр мөнгийг нь төлнө гэдгээ хэлж учирлаж байж. Найзыг тооцоо хийх хооронд “Миний дэлгүүр”-ийн ажилтнууд хохирогчийг арын өрөөндөө оруулаад зодчихоод гаргаад хаясан байж. Нүүр амнаас нь цус садарсан агаад найзаа хараад шууд түшээд унажээ. Зохион байгуулагч З.Энхмөнх, хамгаалагч С.Барсбаатар нар хэргээ хүлээгээгүй ч олон гэрч зодсоныг нь баталжээ. Гэрч Ууганбаатар “намайг камерийн өрөөнд сууж байхад Энхжин орж ирээд нэг хүн архи хулгайллаа гэсэн, дэлгүүрт олон хүн байсан тул орлогийн өрөө руу хамгаалагчид аваад явсан, хамт явсан хүн нь би тооцоо хийх гэж байна гээд орилоод үлдсэн, бид тэр залууг архи хулгай хийлээ хэмээн загнаж байтал зохион байгуулагч Энхмөнх орж ирээд үгийн зөрүүгүй гэдсэнд нь цохисон, ар талаас нь барьж аваад зүүн хойд талын дагз руу нь хүчтэй мөргөсөн, тэр залуу дөрвөн хөллөөд хэвтэж байхад нь баруун гараараа хамарт нь цохиход цус гарсан, босгоод гаргах үед хамгаалагч Барсбаатар баруун гараараа шанааны ар хэсэгт нь цохиход чихнээс нь цус садарсан” гэж мэдүүлжээ. З.Энхмөнх нь гав бороохой аваад гэж худалдагч Энхжинд тушааж азаар нь тэр нь олдоогүй гэнэ. Хэрэв байсан бол “Миний дэлгүүр”-ийнхэн гавлаж байгаад бороохойдох байсан бололтой. Хохирогчийг найз нь аваад гарах үед зодсон нөхдүүд тамхилахаар гараад ирж. “Та нар хүн алчихлаа” гэхэд наадах чинь тасарчихсан л байна ч дээ гээд тоосонгүй. Шүүх “Миний дэлгүүр”-ийн зохион байгуулагчид 18, хамгаалагчид нь 15 жилийн хорих ял оноожээ.
NUUTS.mn