“Хайч” Б.Ган-Очир талийгаачийн эгчид “ээж дүү хоёрыг чинь ална” гэсэн мессеж бичээд очжээ
Нийтэлсэн: 2014-12-11 02:29:18
Хяналтын шатны шүүх Говь-Алтай аймгийн харьяат Б.Ган-Очирын эхнэрээ онц хэрцгийгээр урдаас төлөвлөн хөнөөсөн хэрэгт нь оноосон 23 жил 9 сарын ялыг хэвээр баталлаа. Шүүх бүрэлдэхүүн хүний амийг урдаас төлөвлөн байж хөнөөсөн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзжээ. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Б.Ган-Очир нь хүн амины гэм хэргийг урдаас төлөвлөн зориуд санаатай үйлдсэн нь нэгэнт хөтөлбөргүй тогтоогджээ. Тэрээр өдгөө 25 настай, гаалийн эдийн засагч мэргэжилтэй гэнэ. Б.Ган-Очир хэдийгээр би өөрөө судсаа зүсэх гэж хайч авсан, тэгсэн чинь эгч нь хайч булаацалдаад намайг огцом татах үед талийгаачийн хоолойд орсон гэж мэдүүлдэг ч хэргийн газарт хамт байсан талийгаачийн эгч болсон явлыг ярьжээ. Бусад гэрч нар ч хүний амийг хөнөөхөөр төлөвлөж бэлтгэж байсныг нь баталжээ. Алуурчинтай хамт Зайсангийн барилгад гурав хоног ажилласан хүмүүс түүний “би нэг хүн алах гэж Говь-Алтайгаас ирсэн” гэж ярьж байсныг баталжээ. Согтсон үедээ “амархан баяжмаар байна, баян хүн таарвал төхөөрсөн ч яахав” гэж ам гарч байсанд бусад нь түүнээс зай барьдаг байж. Талийгаачийн найз нар ч нөхөр нь байнга хардан зоддог гэдгийг мэддэг байж. Хичээл дээрээ гар хөл мөрөн дээрээ хөхөрчихсөн ирдэг, жирэмсэн байхад нь Б.Ган-Очир өшиглөөд хүүхэд нь зулбаж байсныг хүртэл мэдүүлж. Найз нар нь салаач гэж зөвлөхөд нөхөр хаа байгаа газар чинь очиж ээжтэй чинь хамт ална гэсэн гээд айж байгаагаа ярьдаг байж. Хадмын тал нь нэг удаа сургалтын төлбөрийг даасан агаад хадам ээж нь түүгээр нь дарамталдаг байсан гэж найз нар нь баталж. Хүргэн болох залуу нь охиныг нь зодож нүддэг болохыг талийгаачийн ээж мэддэг тул албан ёсоор гуйж ирэхэд нь өгөхгүй гэж хэлснээс Б.Ган-Очирын занаанд орсон гэнэ. Хэрэг гарах өдөр алуурчин талийгаачийн ажлын газрыг асууж орж ирэхэд нь эгч нь хэлээгүй гэнэ. Гэрийх нь гадаа отож байгаад эхнэрээ ирэхэд нь дагаад ороод ирж. Эгч нь “чи яагаад миний ээж дүү хоёрыг ална гэсэн мессеж бичиж байгаа юм бэ” гэхэд Б.Ган-Очир цаасан дээр “ээжийг чинь алахгүй” гэж бичиж өгч. “Яагаад дүүд гар хүрэхгүй гэж бичихгүй байна” гэхэд “би тэгж бичиж чадахгүй” гэж шийдчихсэн шинжтэй хариулж. Ингээд байдал эвгүй болжээ. Алуурчин шууд шургуулганаас хайч аваад эхнэрээ багалзуурдан дайрахад эгч нь хажуунаас нь зууралдаж. Алуурчин түүнийг түлхээд “эхлээд чамайг ална” гээд давшилахад цаад өрөөнд унтаж байгаа хоёр хүүхэд нь нүдэнд харагдаад гарч зугтжээ. Талийгаач ч “эгчийг битгий ал намайг ал” гэж гуйж байсан гэнэ. Эгч нь хөрш айлынхаа залууг дагуулан орж ирэхэд аймшигт аллага болж байжээ. Хөрш нь “нөхөр гэх залуу нь эмэгтэйг үсдээд өмнөө суулгачихсан, хутга ч юм уу нэг мэсний зүйлээр хүзүү рүү нь дүрэхэд пүл гээд дуугарч байсан” гэж мэдүүлсэн гэнэ. Гаднаас хүмүүс орж ирэнгүүт алуурчин зөрөн гарч зугтжээ. Алуурчин хайчаар гурван удаа бүлсэн агаад бүсгүйн баруун гүрээний гол судас тасарснаас хурц цус алдаж нас баржээ.
NUUTS.mn