“Эрдэнэт”-ийн Ганзоригийн Тэмүүлэн “Тэнгри” компаний Д.Анхбаярын эсрэг мэдүүлэг өгчээ
Нийтэлсэн: 2014-12-08 06:53:42
ГТГ-ын дарга асан Д.Амарсайхан, “Тэнгри” компаний ерөнхий захирал Д.Анхбаяр болон ахынх нь төрсөн хүү Ц.Чандмань, Н.Отгонболд нарын авлигалын гэх хэргийг Дээд шүүх эцэслэн шийдвэрлэлээ. ГТГ-ны газрын дарга асангийн толгойг түшицсэн Д.Анхбаяр нь шүүхэд өр өвтгөм мэдүүлэг өгсөн нь “би ухаан алдан унасан нөхрийнхөө толгойг түшээд Чандманы хамт эмч хүлээгээд хүйтэн шалан дээр өвдөглөн сууж байхдаа үгээр илэрхийлж боломгүй бухимдалд гомдолд автсан, тэр өдөр ухаан алдаад босож ирээгүй найзыг минь хэн ч босгож чадахгүй, талийгаачийн нэрийг сэвтүүлэхгүй гэдэгтээ итгэлтэй байна, учир нь энд хийсэн хэрэг буруу үйлдэл байхгүй” гэсэн нь бараг үнэн болж таарчээ. Дээд шүүх талийгаач Д.Амарсайханг гэм буруутайд тооцсон тогтоолыг хүчингүй болгож Д.Анхбаярыг албан тушаалтанд бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн хэрэгт буруутган гурван жилийн хорих ялаар шийтгэсэнийг нь ялыг нь тэнсэн харгалзсан. “Тэнгри” компаний ерөнхий захирал Д.Анхбаярыг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдан авч борлуулсны орлогын албан татвар болох 3.6 тэрбум төгрөгийг суутган авч төсөвд төлөлгүй онц их хэмжээний албан татвар төлөхөөс зайлсхийсэн, газрын тосны тендерт “Тэнгри групп” компанийг ялуулсны төлөө Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.Амарсайханд “Роял Грийн Вилла” хотхон дахь 494 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг автомашины хоёр зогсоолын хамт төрсөн ахынх нь хүү Ц.Чандманий нэр дээр шилжүүлэн хээл хахууль өгсөн хэрэгт буруутгасан. Хэргийн гол холбогдогч Д.Анхбаяр нь 1990 онд “Жуулчин” компаний нэр дээр Германд сурсан гэнэ. Төгсөж ирээд “Жуулчин” компанидаа ачигч, оручуулагч, менежер зэрэг ажил хийж байгаад 1997 онд Берлин хотод компаний баруун Европын зах зээл хариуцсан суурин төлөөлөгчөөр томилогдон очжээ. Гурван жилийн дараа Германд “Монгол Райзен” компаниа үүсгэн байгуулжээ. 2006 онд буцаж ирээд “Тэнгри” компаниа байгуулаад групп холдинг болтол нь томруулсан гэнэ. Гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд татах зорилгоор идэвхитэй ажиллан хөрөнгө оруулалт, урт хугацааны зээл олж иржээ. 2006-2013 оны хооронд Герман, Швейцарь, Америк, Австрали зэрэг орноос нийтдээ 70 гаруй сая доллар буюу 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж том том төсөл хэрэгжүүлж байжээ. Д.Анхбаярыг 2013 оны 7-р сарын 9-нд мөнгө угаасан гэх хэргээр цагдан хорьжээ. Цагдан хоригдсноосоо хойш нийтдээ долоон удаа байцаагдсан агаад эхний удаад л компанийх нь үйл ажиллагаа, лицензийн талаар нь байцаалт авч. Харин хоёрдахь удаагийн байцаалтаас эхлэн нэр бүхий хоёр улстөрч болон зарим өндөр албан тушаалтан тэдний гэр бүлийн гишүүдтэй холбоотой асуудлаар байцааж эхэлжээ. Ингэхдээ 2009 онд ГТГ-аас шалгаруулсан Шарга-3, Нэмэгт-6 гэдэг газрын тосны талбайд хайгууль явуулан бүтээгдэхүүн хуваах тендерт “Тэнгри групп” ялсан тухайг нь сөхжээ. Тухайн үед Үйлдвэр худалдааны сайд байсан Х.Наранхүү тушаал гаргаж дээрхи талбайд тендер зарлан сонгон шалгаруулалт явуулах эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт өгчээ. Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү нь 2008 оны хавар Д.Анхбаярыг тухайн үед АМГТГ-ын дэд дарга байсан Д.Амарсайхантай танилцуулснаас хойш дарга бизнесмэн хоёр нөхөрлөж бүр гэр бүлийн найзууд болжээ. Дараа жил нь Газрын тосны газрын даргаар Д.Амарсайхан томилогдоход нөгөөх Шарга-3, Нэмэгт-6 талбайн зарлагдсан олон улсын нээлттэй тендер ГТГ-д шилжин иржээ. Уг тендерийн материал хүлээн авах ажлын хэсгийн ахлагчаар АМГТГ-ын Гэрээлэлтйин хэлтсийн дарга Ганзоригийн Тэмүүлэн, харин тендер шалгаруулах Үнэлгээний хорооны даргаа ГТГ-ын дарга Д.Амарсайхан ажиллажээ. Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Г.Тэмүүлэн нь мөрдөн байцаалтын шатанд “Тэнгри группын материал дутуу тул Гэрээлэлтийн хэлтсийн мэргэжилтэн З.Бат-Оргилоор дамжуулан бүрэн бүрдүүлж өгөхийг шаардаж байсан, миний санаж байгаагаар Д.Амарсайхан дарга энэ группийг дэмжих боломжтой юу хэмээн асууж байсан, мөн материал нь ямаршуу юм байна хэмээн лавлаж байсан, ажлын хэсгийнхэн хоорондоо Тэнгрийг Д.Тэрбишдагва сайдын компани гэдэг байсан” гэж мэдүүлсэн гэнэ. Өдгөө энэ залуу МАН-аас дэд сайдын тушаалд нэр дэвшиж байх юм.
NUUTS.mn