Өнгөрсөн зуунд 101 удирдагч засгийн эрхэнд 18 -аас дээш жил суужээ
Нийтэлсэн: 2013-10-22 09:22:18
20-р зууны сүүлийн хагасд 101 орны удирдагч төрийн эрхэнд 18-аас дээш жил суусныг судалгаа харуулжээ. Манайд л гэхэд Бал дарга бараг 30 жил төрийн эрх барьсан байх. Эдгээр удирдагчдаас зөвхөн тав нь л ардчилсан улсынх байжээ. Финляндын Ерөнхий сайд Ухо Кекконен 1956-1981, мөн Люксембургийн Ерөнхий сайд Жан Клод Юнкер 1995 оноос хойш одоо хүртэл засгийн эрхээ алдаагүй байна. Үлдсэн 96-н “ардчилсан бус” улсын төрийн тэргүүн нараас 12 нь одоо болтол суудалдаа суусаар. Мэдээж тэд нарыг Казакстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев тэргүүлдэг. Засгийн эрх мэдлээ өгсөн 77 төрийн тэргүүний хувь заяа таагүй төгсжээ. Тэднээс дөрөв нь улстөрийн аллагийн золиос болон амиа алдсан. Непалийн хаан Бидэндраг буудаж хөнөөсөн. 25 нь насан өндөр болж янз бүрийн өвчнөөр хорвоог орхижээ. Дөрөв нь эрүүл мэндийн улмаас албан тушаалаа орхисноос Кубын Фидель Кастро одоо ч амьд байна. 23 нь бослого хөдөлгөөн, иргэний дайны улмаас эрх мэдлээ алдсан. Румыны дарангуйлагч Николай Чаушеску, Ливийн удирдагч Маумар Каддафи ард түмнийхээ гарт амиа алдсан. Мөн хуучнаар ЗХУ-ын шахалтаар хоёр, АНУ-ын шахалтаар нэг төрийн тэргүүн суудлаасаа огцорч байжээ.