Амьдралаа эмх цэгцэнд нь оруулъя
Нийтэлсэн: 2013-05-18 05:32:11
“Утсаа хааш нь хийлээ?, “ Миний машины түлхүүрийг харсан уу ?”, “Өө даргаа би хийхээ мартчихаж”. Иймэрхүү үгсийг өдөр тутам хэрэглэдэг бол энэ ч муугийн дохио шүү. Хатуугаар хэлэхэд чамд ямар ч зохион байгуулалт алга. Одооноос багаас нь эхлээд сурцгаая даа, бүсгүйчүүд ээ.
1. Цүнхнээс чинь эхэлье
Жижгээс эхэлж томыг сурах болно. Яг одоо цүнхэн дэх бүх зүйлсээ ширээн дээрээ гаргаж тавиад хэрэгтэй хэрэггүйгээр нь ялга. Хэрэггүй зүйлсийг яг одоо хаяарай. Ер нь дотроо хэд хэдэн тасалгаатай цүнхийг сонгож байгаарай. Нэг л том тасалгаатай цүнхэнд жижиг зүйлс холилдчихдог. Нүүр будгийн хэрэгслээ нэг жижиг цүнхэнд хийнэ. Хажуугаар нь тэмдэглэлийн дэвтэр түрийвчээ хийгээд гар утас түлхүүрүүдийг дотор талын халаасанд хувааж хийгээрэй. Цүнх рүүгээ гараа нэг шургуулаад л хэрэгтэй зүйлээ шууд олж чаддаг байвал, эргэн тойрныхончинь чамайг эмэгтэй хүний талаас хүндэлж үнээх болно. Нэмж хэлэхэд чухал бичиг баримтыг түрийвчинд биш тэмдэглэлийн дэвтэр эсвэл цүнхнийхээ өөр халаасанд хадгалж байгаарай. Ингэвэл түрийвчээ суйлуулсан ч бичиг баримт хөөцөлдөх хэрэг гарахгүй.
2. Чиний шүүгээ
Өдөр бүр ашигладаг шүүгээ чинь, чиний ямар нэг зүйлийг хааш нь хийхээ мэдэхээ болихоороо л дотор нь чулуудчихдаг агуулах шиг байж болохгүй ээ. Цүнхээ цэгцэлсэн шиг ээ, шүүгээндээ байгаа бүхнийг гаргаж өмсөх өмсөхгүй болон улирлын зориулалтаар нь ялга. Яг одоо шүүгээнд чинь заавал байх ёстой хувцаснуудаа өмд, цамц, бошинз, даашинз, дотуур хувцас, оймс гэх мэтчилэн ялгана. Ажил хэрэгч болон даашинз, бошинзуудыг заавал өлгүүрт өлгөж бай. Ялангуяа даавуун материалтай бол. Жинсэн материалтай бол заавал өлгөх шаардлагагүй. Ялгасан хувцаснуудын төрөл бүрт шүүгээнийхээ нэг шургуулга, буланг оноож өгөөрэй. Шүүгээний нэг нүдэнд нэг л төрлийн хувцас хадгалвал дотроос нь юм олоход хамаагүй амар байх болно. Нэг цамц олоход зарцуулагддаг 10 минут хайран биш гэж үү?
3. Машин
Манай нэг найз бүсгүй бий. Машинд нь байхгүй юм гэж байхгүй мөртлөө цэгцтэй гэж жигтэйхэн. Электро хөгжмөөр дүүргэсэн СD ч байна, жазз хөгжмийн цуглуулга ч байна. Машины багаж, түргэн тусламжийн хайрцагаа ч авч явна. Аль нэгийг нь авч хэрэглэсэн бол буцаагаад яг байранд нь хийнэ. “Тийм юм байгаа юу?” гэж асуухад “Өө байгаа, тэр хайрцаг, халаасанд үзчих” гээд л шууд хэлнэ. Гэтэл машиныхаа бичиг баримтыг хайсаар замын цагдааг хүртэл залхааж орхидог хүмүүс байгаа даа.
4. Гэр эсвэл өрөө
Гэрээ хэзээд зохион байгуулалттай, цэвэрхэн байлгана гэдэг хэцүү. Гэхдээ бүх зүйлийг байранд нь байлгаж, хэрэглэсэн зүйлсээ буцааж тавиад байвал тийм ч хэцүү биш. Ингэвэл долоо хоногийн төгсгөлд гэр цэвэрлэх их ажилд ч дарагдахгүй, тавилгынхаа тоосыг арчиж нойтон цэвэрлэгээ хийчихээд л найзуудтайгаа эсвэл гэр бүлээрээ зугаалж, эсвэл сургалт дамжаанд явах боломжтой. Яг одоо өөрийнхөө орон зайг нэг сайхан цэвэрлээд ав. Тэгээд бүх зүйлд өөрийн гэсэн байр зааж өг. Тэднийг өөр газар тавихгүй, зөвхөн тэнд л тавина гэдгийг гэрийнхэнтэйгээ ярилцан тохиролц.
5. Данс, тооцоо
Данс тооцоо бол хамгийн их эмх цэгц шаардсан зүйл. Мөнгөө сар бүр төлөвлөсөн зүйлдээ л зарцуулаад, өөр сайхан зүйлсийн хажуугаар нүдээ аниад өнгөрнө гэдэг хэцүү. Тиймээс шаардлагатай үед хэрэглэх мөнгөний дансыг тусдаа нээчих. Тэр мөнгийг 6 сард нэг удаа өөрийгөө “жинтэй” баярлуулахад зориул. Битгий өөрөөсөө харамла. Чи чинь авах эрхтэй хөдөлмөрч бүсгүй шүү дээ. Мөн онлайн эсвэл мобайл банк үйлчилгээг авчихвал 100 хүний ард дараалалд зогсох шаардлага гарахгүй, цаг мөнгийг чинь хэмнэх болно шүү. Цаг зав, мөнгө хэмнэх зориулалттайгаар гарсан үйлчилгээ бүрээс битгий хоцроорой.
6. Төлөвлөгөө
“Надад нэг их төлөвлөөд байхаар их ажил байхгүй юм чинь” гэж бодож болохгүй. Том ажлыг л төлөвлөдөг юм биш. Үдийн цайнд орох, найз нөхөдтэйгөө уулзах, дэлгүүр явж хүнсээ цуглуулахыг ч төлөвлөх хэрэгтэй. Тэгээд ч яагаад төлөвлөхүйц завгүй амьдралын хэв маягтай байж болохгүй гэж? Бүжгийн клуб, йогийн курс, усан бассейн, баллет, төгөлдөр хуур, гадаад хэлний хичээлд явж болно шүү дээ. Хүн завгүй байх тусмаа л олон зүйлийг амжуулдаг гэдгийг санаарай. Мөн нэг цаг мөчид, нэг л зүйлд анхаарлаа хандуул. Анхаарлаа бүрэн шилжүүлж, өөр юуны ч тухай бодохгүй байвал магадгүй олон ажлыг хурдан амжуулахгүй ч, нэг ч гэсэн ажил бүрэн төгс гараас гарна шүү. Энэ чинь л бодит үр дүн.
7. Чиний ажил
Өдөр бүр 9-6 цагийн хооронд чи ажилтай байдаг. 6 цагт ажил тараад найзуудтайгаа доргисон ч маргааш нь яг цагтаа ажил дээрээ гозойж байх нь чиний хариуцлага. Магадгүй дарга чинь чам шиг байж чаддаггүй байж болно л доо. Тэглээ гээд чи хариуцлагагүй байж болно гэсэн үг биш. Тэр сайн ч муу ч чиний дарга. Чамд даалгасан ажилаа цагт нь л авахыг хүснэ шүү дээ. Тэр үед чи “Та ч гэсэн оройтож ирээд...” гэж хэлээд зогсож болохгүй. Мөн даалгасан ажлыг яг цагт нь дуусгаж ажлын ширээгээ ч мэргэжлийн хүний хэв маягаар засаарай. Ажлаа даргад шалгуулахын, эсвэл ам таглахын тулд биш, өөртөө бас түүний үр дүнг хүртэх хүмүүсийн төлөө чин сэтгэлээ зориулж хийгээрэй.
8. Хамгийн чухал нь чиний амьдрал
Амьдралаа хамгийн сайнаар зохион байгуулахыг хүсч байвал үргэлж сайныг үйлдээрэй. Тэгж л байвал, амьдралынхаа төгсгөлд үнэхээр мундаг, бахархмаар, нэр төртэй амьдарч чадсан шүү гэж бодох болно. Амьдрал бол хамгийн том ажил. Ажлын чинь үр дүн гайхамшигтай байвал чи сайн зохион байгуулжээ гэсэн үг юм. Бүтэлгүй зүйл нь өмнө нь чиний хийсэн муу зүйлийн л үр дагавар болж ирсэн байдаг. Бүх зүйл замбараагүй, чиний хяналтгүй, хайш яайш өрнөөд чи бүр яахаа ч мэдэхээ болиод байгаа бол цүнхээ яаж цэгцэлснээ эргээд сана. Яагаав, хэрэгтэй хэрэггүй зүйлсийг жагсааж байгаад, хэрэггүйг нь дараа гэж хойшлуулалгүй тэр дор нь хаяж, жижиг том зүйлсийг хооронд нь холилгүй тус тусын халаасанд нь хийсэн дээ?