Онлайн парламентийн төлөөлөгч Б.Энхбаяр: ”НӨАТ-ийн босгийг 200 сая төгрөг болгох нь зайлшгүй олны анхаарал татсан асуудал”
УИХ-ын нэр бүхий долоон гишүүний санаачилсан НӨАТ-ын босгийг 200 сая төгрөг болгож нэмэгдүүлэх хуулийн төслийг өнгөрсөн гуравдугаар сарын эхээр УИХ, Засгийн газрын хуралдаанд өргөн барьсан боловч дэмжлэг аваагүй билээ.
Өнөөдөр /өчигдөр/ хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэвлэлийн бага хурал хийж уг хуулийн төслийг Онлайн парламентаар хэлэлцүүлж ард түмний санал дэмжлэгийг авч олны анхааралд хандуулах шаардлагатай гэж мэдээлсэн.
Дорнод аймгийн Онлайн төлөөлөгч Б.Энхбаяртай энэ талаар ярилцлаа.
- Хоёр долоо хоногийн хугацаанд санал авч амжих уу?, Жинхэнэ татварын дарамтад байгаа жижиг дунд үйлдвэр эрхлэгч, бизнесменүүд энэ хэлэлцүүлэгт оролцох боломж нь хэр байгаа вэ?
- Монгол улсад Онлайн орчинд сая орчим хэрэглэгч бий. Тэр тусмаа мэдээллийг байнга хайж өөрийнхөө байр суурийг илэрхийлж байдаг нийгмийн идэвхитэй хэсэг цахимд л байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын долоон гишүүний санаачилсан НӨАТ-ын хуулийн төслийг Хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн жагсаалтад оруулалгүй, дарсан байна. Засгийн Газрын зүгээс энэ хуулийг дэмжих боломжгүй гэдэг саналаа өгчээ. Өөрөөр хэлбэл энэ санаачлага олон нийтийн анхааралаас гарсан, хязгаарлагдмал байдалд орсон. Тиймээс энэ асуудлыг Онлайн парламентаар зайлшгүй хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн.
- Хэлэлцүүлсний үр дүн нь яаж харагдах вэ?
- Манай улсад 60 гаруй мянган аж ахуйн нэгж улсын бүртгэлд бий. Идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг нь 40 мянга юм байна. Үүнд зөвхөн аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг яриагүй. Үүний цаана улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, аж ахуйн нэгжид тулгарч буй дарамт ачааллыг багасгах, татварын байгууллагад байгаа хүнд суртал, хээл хахууль, авилгалыг үгүй байх гээд бүхий л салбар, иргэдийг хөндсөн асуудал. Энэ асуудлыг олон талаас нь авч үзээд Онлайн парламентаар хэлэлцүүлэхээр болсон.
Нэгдүгээрт нийт татварын орлогын дөнгөж гуравхан хувийг бүрдүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-т хамааралгүй болгоно. Татварын орлогын 97 хувийг бүрдүүлж буй улсын төсвийн хүнд ачааг үүрч байгаа хэсэг хэвээрээ үлдэнэ. Гуравхан хувийн орлогийг бүрдүүлж байгаа хэсэг тухайлбал, 36 мянган аж ахуйн нэгж энэ санаачилсан хуулийн үйлчлэлд багтаж НӨАТ төлөгч биш болно гэсэн үг.
Ингэснээр татварын ачаалалыг нийгмийн баялгаас бага хүртэж байгаа хэсгээ дэмжсэн зарчимд шилцжүүлэх, дундаж давхаргыг дэмжих бодлоготой уяна гэсэн үг. Харин нийгмийн баялагаас илүү их хүртэж байгаа нь тэр хирээр бас нийгмийн хариуцлагыг илүү үүрч, хамтдаа үүрэх зарчимын асуудал бас хөндөгдөнө.
- "НӨАТ"-ийн босгыг өөрчлөх тухай асуудал олны анхааралыг нэлээд татах байх. Иргэд ямар байдлаар санлаа илэрхийлэх вэ?
- Манай Онлайн парламент нээгдээд долоо хонож байна. Онлайн орчинд бол www.zindaa.mn сайтад онлайн дэд бүтэц маань суурилж байгаа. Энэ хугацаанд нийтдээ 100 асуудал хэлэлцүүлэхээр иргэд санал гаргажээ.
Хамгийн олон санал авсан таван асуудлыг хэлэлцүүлгэд бэлтгэж байна. Энэ асуудлын тухайд УИХ-ын гишүүдийн албан ёсоор өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлж байгаараа илүү онцлог. Тиймээс холбогдох хуулийн төсөл, тооцоо судалгааг хэлэцүүлэгийн хэсэгт байршуулсан. Үүнд иргэд чөлөөтэй оролцож байр сууриа илэрхийлэх боломжтой.
Дэмжиж болно, буруу гэж болно. Өөр хувилбаруудыг гаргаж болно. Энэхүү ирүүлсэн санал бүрийг Онлайн парламентийн ажлын хэсэг анхааралтай тэмдэглэж нэгтгэнэ. Нөгөө талаар Онлайн дэд бүтцээрээ дамжуулж онлайн гарын үсэг цуглуулах ажил зохион байгуулна. Өөрөөр хэлбэл дэмжиж байгаа, дэмжихгүй байгаа гэдэгт гарын үсэг цуглуулах юм. Товчхондоо ЛАЙК дарна л гэсэн үг л дээ.
Үүний үр дүнд хэчнээн иргэд энэ хуулийн төслийг зөв гэж үзэж байгаа юм, УИХ нэн даруй авч хэлэлцэх шаардлагатай юу гэдэг талаарх иргэдийн байр суурь тодорхой болно. Богино хугацаанд олон хүнээс санал авагдаж, хэлэлцүүлэгт орох боломжтой.
- 36 мянган аж ахуйн нэгжийг НӨАТ-аас хамааралгүй болголоо гэхэд сар, жилд төлж буй 82 тэрбумын алдагдал гарах юм биш үү?
- Эдийн засаг дах мөнгөний эргэлт хэдий чинээ хурдтай эргэнэ төдий чинээ эдийн засгаа тэтгэдэг. НӨАТ-ын босгыг 200 сая хүртэл авахгүй гэснээр 80 гаруй тэрбум төгрөг алдчихлаа гэж харж болохгүй. Энэхүү 80 гаруй тэрбум төгрөгийг төлж буй жижиг дунд бизнес эрхлэгчид татварт өгөх энэ мөнгөөр бизнесээ өргөжүүлэх, тэлэх, үйлчилгээгээ сайжруулах, мөнгөнийхөө эргэлтийн санг өсгөх гээд олон боломж нь нээгдэж байна гэсэн үг.
Нэг талаар төсвийн орлогийг багасгаж байгаа юм шиг харагдаж байгаа ч нөгөө талдаа мөнгөний эргэлтийн үр дүнд дахин бусад хэлбэрээр төсвийн орлогын бааз тэлэх боломж байгааг үгүйсгэж болохгүй.
Ц.Баяр