Нэгдүгээр амаржих газрын өргөтгөл ашиглалтад орлоо
Нийтэлсэн: 2013-02-01 01:22:22
“Сентерра Гоулд” корпораци 150 ортой шинэ эмнэлгийн түлхүүрийг ЭМ-ийн сайд Н.Удвалд гардуулж өглөө. Түлхүүр гардуулж өгөх ёслолын ажиллагаанд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, “Сентерра Гоулд” корпорацийн үйлдвэрлэл эрхэлсэн ерөнхий захирал Гордан Рейд, УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаа, ЭМ-ийн сайд Н.Удвал, УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга З.Баянсэлэнгэ болон ЗГ-ын гишүүдийн төлөөлөл оролцов.
Тус корпораци нь Улаанбаатар хотын Нэгдүгээр амаржих газрын өргөтгөл барих төсөлд 10 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн бөгөөд амаржих эмэгтэйчүүдийн зориулалттай 100, нярайн эмчилгээний 50 ортой байх юм.
Тус эмнэлгийн барилга нь 1,4 тэрбум орчим төгрөгийн эмчилгээ, оношлогоо, мэс заслын тоног төхөөрөмжөөр тоноглогджээ. Шинэ эмнэлэг вакуум мэс заслын 2 өрөө, хүчилтөрөгчийн системтэй, тусгай хоол зөөдөг, зорчигчдын гэх 2 төрлийн лифттэй, цахилгааны саатал гарсан тохиолдолд дизель цахилгаан үүсгүүртэй зэрэг олон давуу талтай баригдсан байна.
“Шинэ хүн хорвоод мэндэлж эрүүл саруул төрөх нь энэ амьдралын юутай ч зүйрлэшгүй үнэтэй зүйл байдаг. Эмнэлэг маань Монголын олон хүүхдийг аюулгүй эрүүл орчинд төрөх нөхцөлөөр хангаж байгаа нь хамгийн чухал юм. Үүнээс гадна анагаах ухааны салбарт олон мэргэжилтэн ажлын байраар хангагдах боломж бүрдэж байна. Манай компанийн зүгээс Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна” гэж Сентерра Гоулд корпорацийн үйлдвэрлэл эрхэлсэн ерөнхий захирал Гордан Рейд нээлтийн ажиллагааны үеэр хэллээ.
Энэхүү эмнэлгийн өргөтгөл нь “Сентерра Гоулд” корпораци, ЭМЯ, Улаанбаатар хотын захиргаа болон “Цаст констракшн” ХХК-ийн хамтын ажиллагааны үр дүн юм. Барилгын гүйцэтгэлийг “Цаст констракшн” хийсэн бөгөөд нийслэлийн болон улсын комисс хүлээн аваад удаагүй байгаа билээ.
Эмнэлэг өвчтөнүүдээ хүлээж авах бэлтгэл ажлуудаа хангаж байгаа бөгөөд 2013 оны эхний хагаст үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.