Барак Обама АНУ-д дөрвөн өдрийн гашуудал зарлав
Нийтэлсэн: 2012-12-16 05:07:05
Өчигдөр Коннектикут муж улсын Ньютаун хотхоны бага сургуульд эмгэнэлт явдал болж, 28 хүн, түүний дотор 20 хүүхэд буудуулж алагдсан аймшигт хэрэг гарлаа. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэхүү аймшигт үйл явдалтай холбогдуулан тус оронд дөрвөн өдрийн гашуудал зарлажээ.
Төрийн тэргүүн “арванхоёрдугаар сарын 18-ны нар жаргах хүртэл” засгийн газрын бүх байшин барилга, цэргийн баазууд болон гадаад дахь АНУ-ын төлөөлөгчийн газруудад үндэсний далбааг бөхийлгөх захирамж гаргасан байна. Төлөөлөгчдийн танхимын дарга Жон Бейнерийн шийдвэрээр Конгрессын байшин дээрх америкийн далбааг мөн бөхийлгэх ажээ.
“Тэнд амь үрэгдэгсдийн олонхи нь таваас 10 хүртэл насны хөөрхөн, бяцхан хүүхдүүд байлаа” гэж америкийн телевизийн бүх сувгаар шууд дамжуулсан тусгай мэдэгдэл хийхдээ хоолой нь зангирч байжээ. “Бидний зүрх эмтэрлээ” гэж ерөнхийлөгч хэлсэн байна.
Ньютаун хотын бага сургуульд баасан гаригт буудсанаас болоод 5-10 хүртэл насны 20 хүүхэд амь үрэгдсэн юм. Цагдаагийн төлөөлөгчдийн хэлснээр, 18 хүүхэд газар дээрээ амь үрэгдэж, бас хоёр хүүхэд эмнэлэгт нас баржээ.
Энэ эмгэнэлт хэрэг явдал баасан гаригт орон нутгийн цагаар өглөөний 09 цаг 40 минутад (УБ-ын цагаар 23 цаг 40 минут-ред,.) болсон байна.
Хоёр гар буу, винтов агсаж, сум нэвтэрдэггүй хантааж өмссөн гэмт этгээд нь 20 настай Адам Лэнза гэгч байжээ. Лэнза ангид орж ирээд, сургуульд багшаар ажиллаж байсан эхийгээ, дараа нь тэнд байсан бүх хүүхдийг буудан алсныг мэдээлж байна. Сүүлд нь тэр уг сургуулийн бас дөрвөн ажилтан, түүний дотор захирал болон сэтгэл судлаачийг алжээ. Гэрээсээ гарахын өмнө эцгийгээ бас буудан алсан байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, гэмт хэрэгтэн ганцаараа ажилласан байжээ. Тэр сургуулийн байшин дотор үхсэн байжээ. Тэр амиа хорлосон бололтой. Гэмт хэрэг үйлдсэн шалтгаан тодорхойгүй байна.
Үүнээс гадна, хөрш Нью-Жерси муж улсын нэг байшинд гэмт этгээдийн нэг ах алагдсан байжээ. Лэнзагийн бас нэг ах 24 настай Райныг цагдаа нар баривчилж, байцааж байна.
Ньютаун нь Нью-Йорк хотоос зүүн хойш 130 км-т оршдог ажээ. Буун дуу гарсан сургуульд 5-10 хүртэл насны 625 хүүхэд суралцдаг байна.